ЦАГ ҮЕИЙН ДЭЛГЭЦ - АЛС ХОЛ

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2021-06-15 18:01:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоёр дахь жилдээ зохион байгуулсан Швейцарийн “Health For All” олон улсын кино наадамд найруулагч Г.Баттулгын “Алс хол” хэмээх кино шалгарч “Эрүүл мэндийн яаралтай тусламж” төрөлд тусгай шагнал хүртжээ. Тус наадамд 120 улсын 1300 орчим богино хэмжээний кино бүтээл өрсөлдсөн байна. 


Уг кино нь ДЭМБ-ын эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд хүргэх бодлого, үйл ажиллагаанаас гадна цар тахлын халдвартай тэмцэх хүчин чармайлт, холбогдох заавар, зөвлөмжийг бодитоор хэрэгжүүлж, эрүүл мэндийн анхан шатны ажилтнууд алслагдмал бүс нутагт суурьшдаг, соёлын өвөө хадгалан тээж буй хүмүүст хэрхэн хүргэж буйг тод томруун харуулсныг кино наадмын шүүгчид үнэлсэн байна. Түүнчлэн кино зохиол, найруулга, дуу дүрс нь мэргэжлийн өндөр түвшинд болсныг онцлон дурджээ.


Найруулагч Г.Баттулга нь зөвхөн баримтат киногоор дагнан бүтээлээ туурвидаг. Тэрээр 2014 онд “Алдагдсан тайга” нэртэй анхны баримтат киногоо хийж байв. Монголын баруун хойд хязгаарт орших цаатан түмний ахуй амьдрал, тэдэнд тулгардаг хүндхэн бэрхшээл, цаа бугын онцлог зэргийг уг кинонд тусгаж үзүүлжээ. Үүнээс гадна “Уул ус” /2016/, “Сүмбэр” /2017/, “Тэтгэвэрт гарсан хүүхдүүд” /2020/, “Аваргын аав” /2021/ зэрэг баримтат кинонуудыг найруулсан юм.


Үүн дотроос “Аваргын аав” кино нь Америкийн “Аладери” олон улсын кино наадамд сонгогдон өрсөлдөж байгаа бол “Тэтгэвэрт гарсан хүүхдүүд” бүтээл Монголын “Алтан өргөө”, мөн “Аладери” зэрэг олон улсын кино наадмын шалгаруулалтанд тэнцжээ.


ЦААТАН ЭМЧ




“Health For All” олон улсын кино наадмаас тусгай шагнал хүртсэн “Алс хол” киноны гол дүрээр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын эмч Н.Даваажавыг сонгон авчээ. Тэрээр Цагааннуур сумандаа бага эмчээр 30 гаруй жил ажилласан нэгэн. Байгалийн хүнд хэцүү нөхцөлд морь, цаа буга, машин зэргийг хослуулан явж суурин иргэншлээс алслагдмал оршдог хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Мэдээж гол ус, хад чулуу ихтэй хэцүү бэрх замыг туулан өвчтөний байгаа газарт хүрдэг талаар кинонд дүрслэн харуулсан нь бий.


Найруулагч Г.Баттулга “Ковид -19” цар тахал Монгол Улсад бүртгэгдсэн цагаас эхлэн тахлын явц улс оронд хэрхэн өрнөж байгааг дүрсээр баримтжуулан авч үлдэх бодолтой байв. Тиймдээ ч кино дүрсийг нэгэнт аваад эхэлчихсэн байлаа. Цаашлаад орон нутагт халдвар тархаж эхэлснээс хойш алс хол нутагт ажиллаж байгаа эмч нар, коронатай тэмцэж буй багуудын үйл ажиллагаа түүний сонирхлыг татаж эхлэв. Хамгийн гол нь Хөвсгөл аймагт хоёр ч удаа адал явдалт аяллын сэдэвтэй баримтат кино хийж байсан түүнийг энэ удаад ч мөн зүрх сэтгэл нь тийш далласаар байсан хэрэг. Тиймдээ ч “Цар тахал цаатанчуудын амьдралд хэрхэн нөлөөлж буй бол" хэмээх бодол тархинаас нь салж өгсөнгүй. Ингээд тэр нэг л өдөр уран бүтээлээ хийхээр шийдэж Хөвсгөл аймаг руу кино багийнхнаа дагуулан гарчээ.


“Уг кинондоо жирийн нэг бага эмч цар тахлын үед шинэ нөхцөл байдалд зохицохоос гадна өөрийн орон нутгийн онцлогт тохируулан хүнд хэцүү нөхцөлд хэрхэн ажиллаж байгааг бодитоор харуулахаар зорьсон” хэмээн найруулагч хэлж байв.  Тэрбээр “Мэдээж цаатан түмэн бол монгол үндэстний нэгэн өвөрмөц хээ нь мөн. Тэд өв соёлоо орчин цагт ч амьд халуунаар нь тээж яваа. Ер нь бол гайхалтай хүмүүс. Ертөнцийг үзэх үзэл, байгаль дэлхийтэйгээ хамгийн ойр, яг л өвөг дээдсийнхээ амьдарч байсан хэв маягаар орчин үөийн нийгэм, цаг үед аж төрж байгаа нь их сонирхолтой” гэв.


 Өндөрлөг газрын агаар, уур амьсгалаас болж цаатанчуудын дунд даралт ихсэх, гэнэтийн харвалт өгөх зэрэг нь их байдаг. Үүнээс гадна эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүрч очиход бэрхшээлтэй, хол газар нутагладаг ард түмэн. Тиймээс Н.Даваажав эмч цаа буга унан машин явах аргагүй хүндхэн замыг туулахаас өөр аргагүй болдог. Өдгөө баримтат киног үзсэн хүмүүс алс холын тайгад ажилладаг дэлхийн хамгийн “Cool Doctor” хэмээн түүнийг нэрлэх болжээ.


АЛС ХОЛООС ОЙР СЭТГЭЛ




Техник технологийн эрин зуунд хүмүүс бие биенээсээ улам л хөндийрөх болсон гэлцдэг. Гэвч тэр дунд хүнийг гэх сэтгэл нь алс холын урт замаас ч ойрхон, дотно санагдах хүмүүс бий. Тэдгээрийн нэгийг бид “Алс хол” хэмээх киноноос харж байна.


Нөгөөтэйгүүр цар тахал хүмүүсийн аж төрөхүйд хэрхэн нөлөөлж байгааг бодитоор дэлгэн үзүүлснээрээ тус кино нь онцлог болж чадсан. Өдгөө бидний хамгийн их хөндөн ярьж буй тус сэдвийг кино болгосноос гадна, алс холын тайгад эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрхэн хүрч буйгаар төлөөлүүлэн баримтжуулж үлдээсэн нь чухал ач холбогдолтой юм.


Мөн зураг авалтуудыг хэт сунжралгүйгээр, богино шийдэж өгсөн нь найруулагчийн ур чадварыг илтгэнэ. Учир нь богино зураг авалтууд нь хүний аж төрөхүй, ажил хөдөлмөрийн талаар олон зүйлийг өгүүлж чаджээ. Ер нь баримтат кино хийнэ гэдэг дуусашгүй хүсэл зорилгыг өөртөө агуулахын нэр. Тиймдээ зураглал, дүрслэлүүдийг дотроо хэрхэн төсөөлж байна вэ гэдэг их чухал. Уг санаануудын цогцлол дундаас сайн бүтээл төрөх магадлал өндөр. Тийм л төсөөллийг найруулагч Г.Баттулга оюун бодолдоо урлаж суусны хойно уг киног бүтээсэн гэхэд хилсдэхгүй.


Харин барьж авсан сэдэв нь яг одоо бөмбөг тэсэлж буй бөгөөд кино тэр чигтээ үнэний тухай хүүрнэнэ. Урлагт үргэлж үнэн гэдэг ганц хууль үйлчилсээр ирсэн. Үүнийг л цаг үеийн дэлгэц гэж нэрлээд буй билээ. 

Холбоотой мэдээ