Монгол-Японы бизнес уулзалт, үзэсгэлэнд оролцогчдыг бүртгэж эхэллээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-06-16 12:21:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монгол-Японы бизнес цахим уулзалт, экспортын үзэсгэлэн-2021"-г ГХЯ, ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн газар, Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ, Нийслэлийн ЖДҮ үйлчилгээг дэмжих төв, Экспорт олон улсын худалдааны төв ТББ хамтран зохион байгуулах гэж байна. Монгол-Японы Эдийн засгийн Түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд энэ сарын 25-наас 7 дугаар сарын 5-нд болох уг үйл ажиллагаанд оролцогч, Японы бизнесүүдтэй харилцаа холбоо тогтоож, Япон улсад бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой Монголын ААН, үйлдвэрлэгчдийн бүртгэл эхэлснийг зохион байгуулагчид мэдээллээ.




Дээрх арга хэмжээ нь Монгол үндэсний ёс заншил, нүүдэлчдийн соёл иргэншлийн онцлогийг тусгасан хүнс, хөнгөн, хүнд, жижиг, дунд үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнийг Японы хэрэглэгчдэд таниулах, сурталчлах зорилготойг мэдээлж байна. Мөн цаашлаад хоёр орны худалдаа, бизнес эрхлэгч үйлдвэрлэгчид хоорондоо холбоо тогтоох, Японы хэрэглэгчдийн таашаалд нийцсэн Монголын байгалийн гаралтай органик бүтээгдэхүүний экспортын хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэхэд энэхүү цахим уулзалт, үзэсгэлэн хувь нэмрээ оруулна гэж үзэж байна. 


"Монгол-Японы бизнес цахим уулзалт, экспортын үзэсгэлэн-2021"-гийн өмнө, эхний ээлжинд "Эдийн засгийн Түншлэлийн хэлэлцээрийг ашиглан Монголын бараа, бүтээгдэхүүнийг Япон улс руу экспортлох нь" сэдэвт онлайн семинарыг МҮХАҮТ Японы хамтын ажиллагааны "Жетро" байгууллагаас зохион байгуулах гэж байна. 




Холбоотой мэдээ