Цэргийн ёслолын жагсаалд 37 салбарын 3200 цэргийн алба хаагч оролцоно

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2021-06-17 12:18:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох Цэргийн ёслолын жагсаалд 37 салбарын 3200 цэргийн алба хаагч оролцоно. 


Цэргийн техникийн ёслолын жагсаалыг жанжин Д.Сүхбаатарын талбайд болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд дугуйт, гинжит техник гэсэн ялгавартайгаар тус тус зохион байгуулна. Уг жагсаалын нэгдсэн бэлтгэл энэ сарын 11-д эхэлсэн бөгөөд ирэх сарын 9-ийг хүртэл хуваарийн дагуу явах юм. Одоогийн байдлаар нэгдсэн бэлтгэлийг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байранд эхлүүлсэн бөгөөд байлдааны нисдэг тэрэг оролцуулахаар төлөвлөсөн байна. 


Энэ жилийн Цэргийн ёслолын жагсаал нь түүхэн ойнууд давхцаж байгаагийн дээр цэрэг, техникийн ёслолын жагсаалд оролцож байгаа цэргийн алба хаагч, техникийн тоог нэмэгдүүлснээрээ онцлогтой юм.  Үүнээс гадна эмэгтэй цэргийн алба хаагчдын таван салбар оролцож байгаагийн дээр Дотоод хэргийн их сургуулиас анх удаа эмэгтэй салбарын алба хаагчдыг оролцуулах аж.  Мөн Монгол цэргийн гурван үеийн төлөөлөл болсон морьт цэргийн гурван салбар оролцуулахаар төлөвлөж, агт морьдыг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас татаж буй.


Д.Урансолонго

Холбоотой мэдээ