Д.Батлут: Хамтдаа хөгжихийн тулд багаараа ажиллах хэрэгтэй

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-06-17 18:11:52
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Дамбын Батлуттай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.


- Та УИХ-ын гишүүн болоод яг бүтэн жил тойрчээ. Энэ хугацаанд хийсэн гол ажлаас ярилцлагаа эхэлье.

- Юуны өмнө Эрдэнэтчүүдийнхээ итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн гэдэг эрхэм хүндтэй албанд сонгогдож ажиллаж байгаагаа маш том хариуцлага гэж хардаг. Тийм учраас Эрдэнэт хот, иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой гэдэг  итгэл үнэмшил надад бий. Олон чиглэлийн ажлыг эхлүүлэхээр зорьж байна. 2020 онд байгуулагдсан УИХ-аас Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл баталсан. Түүнд Эрдэнэт-Улаанбаатарыг холбосон хамгийн дөт зам буюу Жаргалант, Шар хөтлөөр тавих 100 км авто замын асуудал орсон. Энэ асуудлыг Эрдэнэтийнхнээсээ санал авч, тэд маань дэмжсэнээр Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулж чадсандаа би их баяртай байгаа. Барилга, хот байгуулалтын сайдтай яриад энэ жилдээ ТЭЗҮ-г нь хийлгэх тендер нь зарлагдаад дүгнэгдсэн, одоо компани нь ажилдаа орж эхэлсэн. ТЭЗҮ-г нь боловсруулаад батлагдангуут ирэх оноос хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж эхэлнэ гэж зорьж байна.

- Та УИХ-д нэр дэвшихдээ Эрдэнэт хотыг “ухаалаг хот” болгох төслийн талаар ярьж байсан. Үүний хэрэгжилт ямар шатандаа байна вэ?

- Би Засаг даргаар ажиллаж байхдаа Шинжлэх ухаан, технологийн паркийг анх удаа Эрдэнэтэд байгуулсан. Улсын хэмжээнд жишиг болохуйц энэ асуудалд Монгол Улсын Засгийн газраас онцгой анхаарч, бодлогоор дэмжин Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг УИХ-д оруулах гэж байна. Хуулийн төсөл дээр ажиллахаар саналаа өгсөн. Шинжлэх ухаан технологийн ололт, монгол технологийг шууд үйлдвэрлэл болгож хувиргах хэрэгтэй. Улс, бүсийн хөгжлийн төвүүд импортлогч биш экспортлогч болох хэтийн зорилго руугаа хандан ажиллах хэрэгтэй гэж харж байна. Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай аймагт ажиллахдаа Шинжлэх ухаан, технологийн паркийн үйл ажиллагаатай танилцаад,  5.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон. Энэ бол том дэмжлэг. Мэдээж бид  энэ том дэмжлэгийг иргэд, нийгэмдээ өгөөжтэй төслүүд болгож хувиргана.   

- Эрдэнэт үйлдвэрийн дэргэд аж үйлдвэр, технологийн парк байгуулах шийдвэр саяхан гарсан. Ийм томоохон төслүүд хэрэгжээд ирвэл Эрдэнэт хотод ажлын байр нэмэгдэх сайн талтай.

-Тийм ээ. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн Аж үйлдвэр, технологийн парк байгуулах шийдвэр гарч, Монгол Улсын Засгийн газар батламжиллаа. Үүний хүрээнд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн цэвэр катодын зэсийн үйлдвэр, эмүльсийн тэсрэх бодисын  үйлдвэр, олон жил  Бор-Өндөр, Өмнөговь гээд энд тэнд барина гэж ярьсан ч хэрэгжээгүй зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэтэд барих Засгийн газрын тогтоол, шийдвэр  гарчихлаа. Энэ гурван үйлдвэр үндсэндээ 2025 он гэхэд ээлж дараатай ашиглалтад орох ёстой. Ингэснээр орон нутагт 1000 орчим тогтвортой ажлын байр бий болно. Дээрээс нь энэ чиглэлийн  дагнасан жижиг үйлдвэрүүд бий болох нөхцөл бүрэлдэнэ.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ