Коронавируст халдварын 10 тохиолдол бүртгэгдлээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-06-17 17:19:01

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өнөөдөр коронавируст халдварын 10 тохиолдол бүртгэгдлээ. 

Үүнээс найм нь Даланзадгад суманд, хоёр нь Цогтцэций сумаас илэрсэн байна. Цогтцэций сумаас гарсан хоёр тохиолдлын нэг нь өмнө нь бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтал байсан бол нөгөө нь зуурмагийн үйлдвэрийн ажилтан байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Даланзадгадаас илэрсэн найман тохиолдлын хоёр нь хүүхэд байгаа аж.

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал хэлэхдээ "Коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Иймд Улаанбаатар хотоос гэрт нь зочин ирсэн айл өрхүүд болон өөрсдөө халдвартай бүс нутаг руу зорчоод ирж байгаа бол халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх зайлшгүй шаардлагатай байна. Сайн дураараа шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэж байна. Иймд сайн дурын шинжилгээний баг ажлаа эрчимжүүлж байна" гэлээ. 

Мөн халдварын шинж тэмдэг илэрсэн иргэд шинжилгээнд яаралтай хамрагдаж, халдвар тараах эрсдэлээс сэргийлж, хөл хорионы дэглэмээ сайн баримтлах шаардлагатайг анхаарууллаа.  

Холбоотой мэдээ