"Насны хишиг"-ийг өнөөдрөөс олгож байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-06-17 18:32:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд "Насны хишиг" мөнгөн тусламжийг ахмадуудад Улсын баяр наадам болон Сар шинийн баяраар, жилд 2 удаа олгодог. Энэ жил тохиож буй Ардын хувьсгалын 100 жилийн ойн өмнө ахмад настны мөнгөн тусламж "Насны хишиг"-ийг өнөөдрөөс олгож эхэлж буйг ХНХЯ-наас мэдээллээ. Ингэхдээ өндөр настнуудыг ehalamj.mn системд хандан цахимаар холбогдон мөнгөө авахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлж байна. Цахимаар холбогдох боломжгүй, интернэтгүй газар байгаа ахмадууд харьяа аймаг, дүүргийнхээ Халамжийн хэлтэст биечлэн хандан халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахин барьж үйлчлүүлэхийг сануулж байна.  


Энэ жил нийт 143.522 ахмад настанд 11.8 тэрбум төгрөг олгох аж. мөн энэ жил 65 нас хүрч буй, тэр дундаа 7 дугаар сарын 15-наас өмнө төрсөн ахмадууд "Насны хишиг" мөнгөн тусламжийн үйлчилгээ авах эрхтэй болж буй. Тэднийг энэ сарын 30-ны дотор бүртгүүлж уг үйлчилгээг авахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мөн мэдээллээ. Ингэхдээ ehalamj.mn системд хандан цахимаар холбогдон хүсэлтээ гаргах юм. Энэ жил 65 нас хүрч буй ахмадууд заасан хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж, хугацаандаа бүртгүүлээгүй иргэд энэ онд уг халамжийг авах боломжгүйг мөн анхааруулж байна. 


Манай улс 2017 оноос эхлэн Ахмад настны тухай хуулийн дагуу 65, түүнээс дээш насны иргэдэд "Насны хишиг" мөнгөн тусламж үзүүлж байгаа юм. Улсын хэмжээнд жил бүр 140 мянган ахмад настан "Насны хишиг" үйлчилгээг авдаг байна. "Насны хишиг"-ийн нөхөн олголтыг 6 дугаар сарын 18-25-нд олгох аж. "Насны хишиг"-ийн олголтын хэмжээ:

  • 65-69 настай ахмадад 50 мянган төгрөг, 
  • 70-79 настай ахмад 80 мянган төгрөг, 
  • 80-89 настай ахмад 150 мянган төгрөг, 
  • 90-ээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөгийг тус тус олгодог. 

Холбоотой мэдээ