Жо Байден боолчлолыг халсан өдрийг баяр, амралтын өдөр болгожээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-06-18 09:10:39

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зургаадугаар сарын 19-нд тэмдэглэдэг Боолчлолыг халсан өдрийг холбооны улсын хэмжээнд баярын өдөр болгох зарлигт пүрэв гарагт гарын үсэг зуржээ. Ийнхүү зургаадугаар сарын 19-ний өдөр албан ёсоор амралтын өдөр болж буй юм.


Зарлигт гарын үсэг зурах ёслолыг Америкийн телевизийн сувгууд Цагаан ордноос шууд дамжуулсан байна.


“Өнөөдөр бид зургаадугаар сарын 19-ний өдрийг Тусгаар тогтнолын өдөр, Хөдөлмөрийн өдөр, амь үрэгдсэн цэргийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх өдрийн адилаар холбооны улсын баяр болгон тунхаглаж байна. Энэ өдрийг Конгресс дахь хоёр намын дэмжлэгтэйгээр дурсан санахын тулд Ардчилсан нам, Бүгд найрамдах намынхан бид хамтран ажилласанд маш их баяртай байна” гэж Байден хэлжээ. Байдены хэлснээр "агуу улс орнууд хамгийн хүнд мөчүүдээ үл тоомсорлодоггүй".


Энэ жил зургаадугаар сарын 19 бямба гарагт таарч байгаа тул амралтын өдрийг зургаадугаар сарын 18-ны өдөр лүү шилжүүлжээ.


АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүд боолчлолыг халсан өдрийг холбооны улсын баярын статустай болгох тухай хуулийн төслийг мягмар гарагт санал нэгтэй баталжээ. Маргааш нь энэхүү баримт бичгийг Төлөөлөгчдийн танхим баталсан байна.


АНУ-д боолчлолыг халах эхлэлийг 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольн (1809-1865) тавьсан бөгөөд тэрбээр 1863 оны нэгдүгээр сарын 1-нд боолуудыг чөлөөлөх тухай тунхаг гаргажээ. Гэсэн хэдий ч уг баримт бичиг нь өмнөд муж улсуудын эсэргүүцлийн улмаас Америкийн иргэний дайн (1861-1865) дуусах хүртэл хүчин төгөлдөр болж чадаагүй юм. 1865 оны 12 дугаар сард Үндсэн хуулийн 13 дахь нэмэлт өөрчлөлтийг баталж, улс орон даяар боолчлолыг халжээ.


Холбоотой мэдээ