Урьдчилан сэргийлэх багц олгож эхэллээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-06-18 18:26:27

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт коронавируст халдварын тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос батлагдсан тохиолдолтой ойр харьцсан иргэдэд урьдчилан сэргийлэх буюу эмчлэх багцыг бэлтгэн олгож эхэллээ.

Тус үйл ажиллагаа ойрын хавьтлуудын эрүүл мэндийн байдлыг хамгаалах, өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж дархлааг нь дэмжиж анагаах зорилготой. 

Урьдчилан сэргийлж эмчлэх багцад уламжлалт болон витамины таван төрлийн дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг багцлан оруулжээ. Багцад орсон бүтээгдэхүүнүүд нь коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хүний биеийн эрхтэн системийн дархлааг дэмжих, уушги цэвэрлэх, цусны эргэлт сайжруулах, үрэвсэл намдаах, ханиад шуухинаа, хамар битүүрлийг дарах зэрэг өндөр үр дүнтэйг мэргэжлийн байгууллагынхан мэдээлэв. 

Дээрх урьдчилан сэргийлэх багцыг короновируст халдварын батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал болсон зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй олгох бол бусад эрүүл мэндээ хамгаалах, дархлаагаа дэмжих иргэд 20 мянган төгрөгөөр худалдан авч хэрэглэх боломжтой. 

Дээрх тан витаминуудыг Улаанбаатар хотоос бөөний зардлаар татан авч багц болгосон  бөгөөд  эрэлт ихтэй, дархлаа дэмжих өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнээр иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжье гэсэн АОК-ын бодлогын хүрээнд хийж байгаа ажил юм.  

Холбоотой мэдээ