Сүүлийн 24 цагт найман хүүхэд коронавирусний халдвар авчээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-06-18 19:16:50

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 23 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Үүнээс 8 нь хүүхэд байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудаас Цагаанхаданд 4, Номгонд 1, Даланзадгадад 15, Оюутолгойд 3 байна. Уг 23 тохиолдлын 11 нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд байгаа аж. 

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Шижиртуяа, "Сонгуулийн ялалтаа тэмдэглэж нийлсэн нэг ах дүүсийн 13 хүн өвчилсөн том голомт үүссэн. Аймгийн Засаг даргын 609-р захирамжийг үндэслэн харьяа байгууллагууд цаашид хяналтаа сайжруулах шаардлагатай байна" гэлээ.

Тус аймагт энэ сарын 12-ны 06:00 цагаас 20-ны 06:00 цаг хүртэл хөл хориог тогтоосон. Эрүүл мэндийн газрын зүгээс уг хөл хориог хангалтгүй байгаа гэж үзлээ. Учир нь аймаг сумын хэмжээнд орох, гарах хөдөлгөөнийг хаасан, уул уурхайн ээлжийг солихгүй гэсэн хэдий ч "Эрдэнэс Тавантолгой" ХК нэг өдөрт 1800 хүнийг Цогт-Овоо сумын постоор нэвтрүүлсэн. Мөн тэсэлгээний компанийхан төрийн тусгай 805-р ангийн хамгаалалтыг нэвтрүүлэн Гурвантэс сумын нутаг "Чинхуа Мак" компанид хүрсний дараа нэг хамгаалагчийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Мөн хөл хориотой үед иргэд төв суурин газарт энгийн ажлын өдрүүдтэй адил хөл хөдөлгөөн их байгаа нь цар тахлын тархалтыг хумихад саад болж байна гэж онцолсон юм. 

Өмнөговь аймгийн нийт иргэдийн 0,9 хувь коронавирусний халдвар авч эмчлүүлсэн байна. Үүнээс 8,5 хувийг 17 хүртэлх насны хүүхэд, 6,1 хувийг 60-аас дээш насны ахмадууд эзэлж байгаа аж. 

Холбоотой мэдээ