Коронавирусний халдварын 11 тохиолдол шинээр бүртгэгдэв

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-19 16:06:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 11 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 129 боллоо.

Гэрийн ажиглалтад байгаа болон тандалтаар 20, ойрын хавьтлын 99, нийтдээ 119 хүнд шинжилгээ хийхэд ийнхүү 11 тохиолдол батлагджээ. Шинэ тохиолдлуудын 7 нь Өлгий суманд байгаа ба Булган суманд 2, Бугат, Цэнгэл сумуудад тус бүр 1 хүнээс халдвар илэрсэн байна.  

Батлагдсан 129 тохиолдлоос 59 нь Улаанбаатар хот болон болон бусад бүс нутгаас зөөвөрлөгдөж ирсэн, 70 нь голомтын хавьтал буюу дотоод халдвар. Тэдний дотор 6 жирэмсэн эх, 34 хүүхэд байгаа аж. Насны хувьд 8 сартайгаас 87 насны иргэд халдвар авчээ.

Өнөөдрийн байдлаар нийт тохиолдлоос 41 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 50 /11хүүхэд/, Булган сумын ЭМТ-д 3, Дэлүүн суманд 1, Ногооннуурт 3, Улаанхуст 2, Цэнгэлд 5 иргэн эмчлүүлж байгаа. Мөн Өлгий суманд  22, Бугат суманд 1 хүн гэртээ эмчлүүлж байна.

Эмчлүүлж байгаа иргэдээс 2 хүний биеийн байдал хүнд, 3 хүн хүндэвтэр 3, 82 иргэн хөнгөн оноштой байгаа ажээ.

Холбоотой мэдээ