ТИКА-ийн дэмжлэгээр Баянтоорой тосгонд иж бүрэн хүлэмжийн аж ахуй байгуулав

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-06-20 13:05:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд зуны таван хүлэмжийг услалтын системийн хамт иж бүрнээр байгуулав.

ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн дэд дарга хатагтай Сибэл Гүнэги, менежер Т.Мандхай, К.Серкбол болон гүйцэтгэгч “Ногоон харш” ХХК-ийн захирал Б.Зоригсайхан нар орон нутагт ажиллан, сумын удирдлага, тосгоны иргэдийн бүлэгт төслийг хүлээлгэн өглөө.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр орон нутагтаа амт чанар сайтай, экологийн цэвэр ногоо, жимсээр ард иргэдийг хангах нөхцөл бүрдлээ хэмээн тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Цогт сумын Баянтоорой тосгон нь Алтайн өвөр говьд байрлах тул газар тариалангийн салбарыг хөгжүүлэх газар зүйн байршил сайтай, Монгол Улсад томоохонд тооцогддог Хаяа, Шугуйн услалтын системүүдтэй юм. Алтайн өвөр говьд нартай байх өдрийн тоо олон буюу зуны хүлэмжийг гурван улиралд бүрэн ашиглаж, дахин тариалалт хийх боломжтой тул хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, нутгийн хөрсөнд ургасан химийн бордоогүй хүнсний ногоогоор иргэдийг хангах газар тариалангийн салбарт чухал ач холбогдолтой бүс нутаг юм.

Холбоотой мэдээ