Баянцагаан суманд тэг зогсолт хийлээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-06-20 16:23:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянцагаан суманд коронавирусний түргэвчилсэн шинжилгээгээр эерэг тохиолдлууд бүртгэгдэж, сумын Онцгой комиссоос Баянцагаан сумын хэмжээнд энэ сарын 25-ны өглөөний 06:00 цаг хүртэл “тэг зосголт” хийлээ.

Дээрх иргэдийн ойрын харьцагчид сумын төв болон хөдөөд байгаа тул  сумын төвөөс гарах, орох хөдөлгөөн, сум доторх хөдөлгөөнүүдэд хатуу хорио тогтоов. 

Энэ хугацаанд сумын Онцгой комисс, Шуурхай штаб, Эрүүл мэндийн штаб түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан шинжилгээнүүдийг PCR шинжилгээнд явуулах, тухайн иргэдийн явсан, зорчсон газруудад тандалт хийж, ойрын харьцагчдыг бүрэн илрүүлж ажиллах аж. Заасан хугацаанд сумын Онцгой комиссын шийдвэрээр зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа, хөдөлгөөнүүдийг тусгай хяналттай үйлдүүлэх бөгөөд иргэд гэр гэртээ, байгаа газраа байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг анхаарууллаа. 

“Тэг зогсолт”-ын үед эмийн сан, аж ахуйн нэгж дэлгүүрүүд 10:00-12:00, 17:00-19:00 цагийн хооронд иргэдийн захиалгаар хүргэлт хийх бөгөөд хүргэж буй хүнсний бүтээгдэхүүнийг уут, хайрцаг, саванд хийн, захиалагч иргэний хашааны гадаа тавьж төлбөрийг мобайл, интернэт банк ашиглан хийхийг зөвлөв. 

Холбоотой мэдээ