ОХУ-ын Элчин сайд Вашингтон руу буцжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-06-21 10:18:00

ВАШИНГТОН. /TASS/. ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов ням гарагт Вашингтон руу буцаж, үүрэгт ажилдаа орсон тухай АНУ дахь ОХУ-ын Элчин сайдын яам мэдээлжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "ABC News" сувагт ярилцлага өгөхдөө тус улсын сонгуульд хөндлөнгөөс оролцохыг оролдсоных нь хариуцлагыг Оросын удирдлагад хүлээлгэх ёстой гэж мэдэгдсэний дараа хүнд хэцүү цаг үеийг туулж буй Орос-Америкийн харилцаа улам дордсон юм. Цагаан ордны тэргүүн мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг "алуурчин" гэж үзэж байгаа эсэхийг асуухад зөвшөөрсөн хариулт өгсөн. Үүний дараа Москва Элчин сайдаа зөвлөгөөн хийхээр дуудсан байна. ОХУ-ын Элчин сайд Москвад гуравдугаар сарын 21-нд иржээ. ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Жон Салливан дөрөвдүгээр сарын 22-нд Вашингтон руу буцсан байна.


Зургаадугаар сарын 16-нд Швейцарын Женев хотод Орос-Америкийн дээд хэмжээний уулзалт болж, Путин, Байден нар Элчин сайд нараа буцаахаар тохиролцсон юм. Тэд мөн хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэх хэтийн төлөв, стратегийн тогтвортой байдлын асуудлууд, түүнчлэн коронавирусний цар тахалтай хамтран тэмцэх зэрэг олон улсын болон бүс нутгийн асуудлуудыг хэлэлцжээ.


АНУ-ын Элчин сайд Жон Салливан Москвад хэзээ эргэж ирэх талаар Төрийн департамент болон Цагаан ордон одоогоор мэдээлэл өгөөгүй байна.


Холбоотой мэдээ