“Буянт голын хүүхдүүд” аяныг хоёр дахь жилдээ өрнүүлж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-21 12:36:41

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Ховдын мэдээ" сонины Байгаль сэтгүүлч клуб, сурагчид хамтран “Буянт голын хүүхдүүд” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү аяны хүрээнд сурагчид, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Буян голын ай савыг хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

Учир нь Ховд аймгийн төвд амьдардаг айл өрхүүд зуны улиралд Буянт гол дагуу зусланд гарч байна. Мөн иргэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амарч, зугаалах явдал нэлээд бий. Үүнтэй холбогдуулан голын ай сав орчимд ил задгай хог хаягдал нэмэгдэх болжээ.

Иймээс байгаль орчинд ээлтэй байх жишиг тогтоох, голын усанд тээврийн хэрэгсэл, хивс, хувцас угаадаг буруу үйлдлийг таслан зогсоох, усны бохирдлыг багасгах зорилгоор “Буянт голын хүүхдүүд” аяныг зуны турш өрнүүлэх юм.  

“Буянт голын хүүхдүүд” аяны үйл ажиллагааг хэрэгжүүлэгчид өчигдөр Буянт гол, зуслангийн айлуудын орчны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид Буянт голын усыг бохирдуулахгүй байхад анхаарч ажиллахаар боллоо.  

Энэ жил коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор зусланд гарсан айл өрхүүд тодорхой дэглэм, заавар зөвлөмжийг баримтлах учиртай.

Гэтэл "Одоогоор иргэд голын дэргэдэх зүлгэн дээр машинаа тавьж, гэрүүдэд бөөгнөрөл үүсэж, хүн хоорондын зай бүү хэл гэрүүд хоорондын зай утгаа алдсан байна. Мөн Буянт голын усанд нүхэн жорлонд орохдоо өмссөн гутлаа угааж байхад, бага насны хүүхдүүд доод талд нь юуг ч үл анзааран усанд сэлж байна. Түүнчлэн зарим иргэд автомашины суудлын бүрээс, авдар, шүүгээгээ угааж байна" гэж албаны эх сурвалжууд хэллээ.   

Зөрчлийн тухай хууль”-д голын усанд юм угаасан иргэнд 100.0 мянга, цаашлаад нэг сая хүртэл төгрөгөөр торгох тухай заалт бий. Иймээс иргэн бүр хууль дүрмийг баримталж, байгаль орчинд ээлтэй, зөв дадал хэвшил бий болгохыг “Буянт голын хүүхдүүд аян хэрэгжүүлэгчид уриалж байна.  

Холбоотой мэдээ