С.Цэгмид: Дайны аюулыг хүсэх ч юм биш ээ хүүхдүүд минь

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-06-21 19:05:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 6 дугаар сарын 22. Энэ өдөр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй, дэлхийн II дайн эхэлсэн өдөр.

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хохирол учруулсан, аймшигт энэ дайны талаар мэдэх амьд түүхэн архив болсон хүний нэг нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын өндөр настан С.Цэгмид гэх буурай юм. 

Тэрээр 1942 онд фронтод бэлэг хүргэж өгөх төлөөлөгчдийн тоонд багтаж, Маршал Х.Чойбалсангаар удирдуулан явж байжээ. Дээл, шинель, гутал, хувцас, хоол хүнс гээд 217 вагон тусламжийн барааг хүргэж өгсөн төдийгүй, Монголын ард түмний хандиваар бүтсэн “Хувьсгалт монгол танкийн цуваа”-ны 40 гаруй танкийг хүлээлгэн өгөхөд оролцож явсан юм.

Тэрээр идэр залуу 20 хүрээгүй байхдаа “Улсын сайн малчин” болж, ажил үйлсээрээ шалгаран фронтод бэлэг хүргэж өгөх төлөөлөгчдийн тоонд ийнхүү багтаж байж.

Дайн эхэлсэн хар өдрийн талаар анх хэрхэн сонссон хийгээд дайны хүнд жилүүдийн тухай түүний дурсамжийг хуваалцахад С.Цэгмид гуай “Эмээ нь нас өндөр болжээ. Гэнэтийн юм болсон доо.  Энэ айхтар дайны тухай малаа маллаж явахдаа радиогоор л сонссон. Тэр үед би жаахан байжээ. Орос оронд дайн гарлаа гээд л Монголдоо гарсан юм шиг л айж түгшиж байлаа. Хүн бүр л тэгж хүлээж авсан санагдана. Үнэндээ хар өдөр байсан.

Тэр дайны үед Орос оронд туслах ажилд манай Монгол Улсад оролцоогүй хүн байхгүй ээ. Хүн бүгд юм өгсөн, хувцас, эд хэрэглэл, хоол хүнс гээд. Би тэгэхэд 19 настай байсан юм. 1942 онд аймаг бүрээс нэг хүн явж, фронтод бэлэг хүргэж өгөхөд би хамт явсан. Ард түмнийхээ өгсөн сэтгэлийн бэлгийг аваачиж хүлээлгэж өгч байсан. Тийм болохоор манай улсын түүх чинь Орос улстай холбоотой байлгүй яахав дээ. Орос ч манайд мөн ч их тусалсан даа.

Дайн гэдэг аюултай гэдгийг нүдээрээ үзэж, чихээрээ сонссон. Хүмүүст мэдрүүлэх гээд ярьж л байна. 

Сүрхий түүх. Дайны аюулыг хүсэх ч юм биш ээ хүүхдүүд минь. Бид хэцүү хүйтэн цагаар очсон, өрөвдөхөөр байсан. Дайны аюулыг биеэрээ үзэж, харсан хүн одоо Монголдоо би л байна даа, гэхдээ ямар би тэнд байлдаж байсан биш, дөнгөж очоод цөөхөн хоноход л бүх бие, сэтгэлээрээ мэдэрч байлаа даа, эмээ нь.

Намайг марталгүй, өдий насан дээр минь ингэж ярьж, асууж, мэндчилгээ явуулж байгаад эмээ нь их баярлаж байна. Орос улс намайг марталгүй мэндчилгээ илгээдэг. Үүнд их баярладаг.

Оросынхоо ард түмэнд их баярлалаа, хүн бүр эрүүл байж, урт удаан наслаарай гэж ерөөе. Миний талархаж байгааг дамжуулж өгөөрэй” гэлээ. 

Холбоотой мэдээ