Салхит гуравдугаар баг хүртэлх авто замын ажил үргэлжилж байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-06-22 12:23:07

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Олон улсын авто зам болон төмөр зам дайран өнгөрдөг Хонгор суманд бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Олон жил яригдсан сумын төвөөс Салхит гуравдугаар баг хүртэлх 13.1 км хатуу хучилттай авто замын далангын ажил үргэлжилж байна.

Өнгөрсөн оны сүүлээс эхэлсэн тус авто замын ажлын эхний үе шат өнөөдөр 80 гаруй хувьтай байгаа аж.

Уг авто замын эхний үе шатны ажлыг Жи Пи экспресс ХХК улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байна. Авто замын ажлын хүрээнд 14 цэгт гүүр хоолой, 12 цэгт дугуй хоолой, 2 цэгт дөрвөлжин хоолой хийх ажээ.

Гэрээнд заасны дагуу замыг долоодугаар сарын 14 гэхэд ашиглалтад хүлээлгэн өгнө. Энэхүү хатуу хучилттай авто зам ашиглалтад орсоноор Хонгор сумын төвөөс 13.1 км зайд орших Салхит гуравдугаар багийн 2 мянга гаруй иргэн цаг хугацаа хэмнэх, саадгүй зорчих, цаашлаад эдийн засгийн ач холбогдолтой гэж оршин суугчид хэлж байна.

Дархан-Хот байгуулалт, барилга захиалагчийн газар ОНӨААТҮГ-аас ажлын чиг үүргийнхээ дагуу аймаг орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавин ажиллаж байгаа ажээ.

Холбоотой мэдээ