Гурван бүлийн 6 бодгаль минжийг Туул голд тавилаа

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-06-22 10:24:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, МУИС-ийн эрдэмтэн, судлаачид хамтран Туул голын эхэнд, Төв аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутагт энэ жил нас биед хүрсэн 3 бүлийн 6 бодгаль минжийг тавилаа. 


Ингэхдээ аядуу зөөлөн суллан тавих аргыг сонгож, усны түвшин, урсгалын хурд, эргийн нөхцөлийг харгалзан ус боох далан хийж, татмын нугыг намагжуулах цүнхээл үүсгэжээ. Цаашид Туул голын эхэнд 100-150 бүл байгалийн популяц үүсгэх зорилго тавьж байгаа. Ингэснээр байгалийн болон хүний сөрөг нөлөөлөлд бага өртөх, өөрөө өсөж үржих боломж бүрдэнэ гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.


Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх, экосистемийн доройтлыг багасгаж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 онд ОХУ, ХБНГУ-аас 17 бүлийн нийт 34 бодгаль Евразийн минжийг авчран өсгөж байна.


Минж үржүүлэн нутагшуулах хүрээнд 2012-2020 онд нийт 57 бодгалийг Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голд нутагшуулаад байгаа билээ.



Энэ жилийн хувьд “Минж үржүүлэх, нутагшуулах төвд” төслийн хугацаанд анх удаа нэг бодгаль минжнээс 5 ихэр дүдэр төллөснийг өмнө мэдээлсэн. Минж нь амьтны тухай хуульд заасны дагуу нэн ховор амьтны төрөлд орох бөгөөд  манай улс 1930 оноос агнахыг хориглосон. Минж нь олон улсын хэмжээнд ховордох зэрэглэлд орсон, бүс нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд байгаа амьтан юм. Дэлхий дээр хойд Америкт тархсан канад минж (Castor Canadensis), евразийн минж (Castor fiber) гэсэн хоёр зүйл амьдардаг. Евразийн минж нь дотроо хэд хэдэн салбар зүйлтэй. Манай оронд шар минж хэмээх салбар зүйл нь бий. 

Холбоотой мэдээ