Төгсөх ангийн сурагчидтай цахим уулзалт хийжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-22 17:26:20

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, бусад удирдах ажилтнууд энэ сарын 21-ний өдөр Элсэлтийн ерөнхий шалгалт  (ЭЕШ) өгөхөөр бэлтгэж буй сурагчидтай цахим уулзалт хийжээ.

Уулзалтад ерөнхий боловсролын 25 сургуулийн төлөөлөл нийт 925 оролцогч 150 цэгээс цахимаар холбогдон оролцлоо. 

Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Боловсрол соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү нар "Чанартай боловсрол-Шинэ Ховд ирээдүй" аяны явц, цаашид багш, сурагчдыг дэмжих, урамшуулах тухай болон цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл хийсэн байна.  

Тодруулбал, “Чадварлаг мэргэжилтэн-Шинэ Ховдын ирээдүй” оюутан, сурагчдад тэтгэлэг олгох журмыг танилцууллаа.

Тус журмын дагуу "ЭЕШ-ын 10 хичээл тус бүрээр 780-аас дээш оноо авч тэргүүлсэн сурагчдад 1.000.000 төгрөг", "780 онооноос дээш оноо авсан бүх сурагчид 500.000 төгрөг", "750 онооноос дээш оноо авсан бүх сурагчид 300.000 төгрөг"-ийн урамшуулал тус тус олгохоор болсон байна.   

Мөн Ховд аймгийн хэмжээнд эрэлт хэрэгцээтэй байгаа математик, физик, химийн багш, эмч, инженер, малын эмч мэргэжлээр ХоИС, МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, АШУҮИС-д элсэн суралцаж байгаа ЭЕШ-д 750-аас дээш оноо авсан”, хоёр, гурав, дөрөвдүгээр ангийн оюутан, улирал бүр 3.2-оос доошгүй голч оноотой суралцсан, тодорхой сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцсон, урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээнд манлайлсан оюутнуудын сургалтын төлбөрийг тодорхой гэрээний үндсэн дээр аймаг хариуцах аж. 

Иймд аймгийн удирдлагуудын зүгээс ЭЕШ өгөхөөр бэлтгэж буй нийт сурагчдад сурлагын өндөр амжилт хүслээ.  

 

Холбоотой мэдээ