Японы ахмад цагдаа нар Олимпын наадмыг хамгаалахад тусална

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-06-22 13:48:13

ТОКИО. /NHK/. 65-78 насны, тэтгэвэрт гарсан Японы цагдаа нар долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд болох Токиогийн Олимпын байгууламжуудыг хамгаалахад сайн дураараа оролцохоор болжээ.


Цагдаагийн ахмад алба хаагчдын багт одоогоор 90 хүн байгаа аж. Тэд гол төлөв наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа болох Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд эргүүл хийх юм.


Ахмадууд үзэгчдийн эд зүйлийг шалгах, хүмүүсийн урсгалыг зохицуулахад оролцоно. Тэд мөн олон нийтийн сүлжээнд байрлуулсан бичлэгүүдийг үзэж, Олимпын оролцогчид болон зочдод учирч болзошгүй аюулыг хайж олох аж.


Энэхүү отрядыг танилцуулах ёслолын үеэр 1964 оны Токиогийн Олимпыг хамгаалахад оролцож байсан ахмад цагдаа болох 87 настай Юзо Сузуки үг хэлжээ. Тэрбээр ахмад нөхөддөө хандан зуны Олимпын наадмыг аюулгүй, хөгжилтэй явуулахад залууст туслахын тулд чадах бүхнээ хийхийг уриалсан байна. Токиогийн эрх баригчид энэ удаагийн Олимпод хэчнээн цагдаа дайчлагдахыг хараахан зарлаагүй байгаа ч дор хаяж 5 мянга байна гэж таамаглаж байна.


Холбоотой мэдээ