З.Боргилмаа: Сайн мэдээлэл бол сайхан харилцаа, сайн хамтын ажиллагааны эхлэл

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2021-06-22 15:26:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэлийн албанаас санаачлан МСНЭ-тэй хамтран зохион байгуулж буй цахим сурвалжилга өнөөдөр нээлтээ хийлээ. 


БНХАУ-ын Коммунист намын 100 жилийн ойн хүрээнд Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын хамтарсан “100 жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч" сэдэвт цахим сурвалжилга нь Хятад улсын өнөөгийн хөгжил, хүмүүсийн аж амьдрал, иргэдээ ядуурлаас гаргасан сайн туршлага зэргийг сурталчлан таниулах зорилготой юм.


Түүхэн баримтаас үзвэл, 1949 онд БНХАУ байгуулагдсаныг Монголын хэвлэл мэдээлэл тэр өдөрт нь мэдээлж байжээ. Улмаар 1958 оноос хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааг эхлүүлж, харилцан мэдээлэл солилцох хэлэлцээрийг МОНЦАМЭ болон Синьхуа агентлаг байгуулжээ. Түүнээс хойш 1990-ээд оноос хоёр талын хэвлэл мэдээллийн салбарт хамтын ажиллагаа илүү өргөжин Хятадын Коммунист намын төв хэвлэл Өдрийн сонин, түүнчлэн Синьхуа агентлагийн төлөөлөгчид Монгол Улсад тогтмол ажиллах болсон байна.


Нээлтэд ӨМӨЗО-ы Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян хэлэхдээ, Энэ жил Хятадын коммунист намын 100 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд анхны зорилгоосоо буцалгүй Хятадын ард түмний аз жаргал, үндэсний сэргэн мандалт, хүн төрөлхтний нийгмийн эв нэгдлийн төлөө хүчин зүтгэж ирсэн. Хятадын ард түмэн дэлхийн анхаарлыг татсан хөгжлийн гайхамшгийг бүтээж орчин үеийн социалист улс орны бүтээх шинэ аяндаа гарлаа. Түүхийг эргэн харваас Хятадын коммунист нам байгуулагдсан эхэн үеэс МАН-тай гүн гүнзгий хувьсгалт найрсаг холбоог тогтоосон байдаг. БНХАУ байгуулагдмагц Монгол Улс Хятад улстай дипломат харилцаа тогтоосноо зарлаж 70 гаруй жилийн хугацаанд найрсаг хамтын ажиллагааны гол үндэс болж ирсэн. Сүүлийн жилүүдэд хоёр улс бие биедээ туслан харилцан ашигтай хамтын ажиллагааг баримталж хөгжлийн стратегийн уялдаа холбоог тасралтгүй гүнзгийрүүлэн олон салбарын ажил хэрэгч ажиллагааг хөгжүүлж хоёр ард түмэнд ашиг тусаа үзүүллээ. Цар тахлын үед хоёр орон хамтран ажиллаж найрсаг хөршийн үлгэр жишээ болж чадлаа” хэмээв.


МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа хэлэхдээ,Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай хөрш орны хувьд харилцаа, хамтын ажиллагааны бүхий л шатанд үнэн бодит мэдээлэл бол хамгийн чухал суурь нь юм. Аливаа мэдээлэл баттай, бодитой, үнэн, шуурхай байх нь өнөөдрийн болон цаашдын харилцаа, хамтын ажиллагааны амжилт, үр өгөөжийн үндэс билээ. Тиймээс мөнхийн хөрш орнууд, ард түмний харилцаа, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа үргэлж чухал байсаар ирсэн. Сүүлийн 10 жилд  МСНЭ болон Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж, хоёр талд жил бүр ээлжлэн Хэвлэл мэдээллийн форумыг тогтмол зохион байгуулж, сэтгүүлчдийн туршлага солилцох, суралцах, улмаар хамтарсан сурвалжилга бэлтгэх зэргээр үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн ажиллаж ирлээ. Сайн мэдээлэл бол сайхан харилцаа, сайн хамтын ажиллагааны эхлэл юм. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.


Энэхүү цахим сурвалжилгын хүрээнд маргааш Тэмээн хяруул тэжээн үржүүлэх суурин, Алтан тал эко технологийн ХК-тай танилцах юм. Түүнчлэн бордоо боловсруулах, үрийн мал үржүүлэх, нарийн боловсруулах, худалдах, хөлдөөж хадгалах, органик бордоо боловсруулах зэрэг орчин үеийн хөдөө аж ахуйн сүлжээг бай̆гуулж, нийгэмд үр ашгаа хүртээсэн тухай сурвалжилна. Мөн Өвөр Монголын Тэнгэрийн хишигт Бортохой үр тарианы техникийн хөгжлиийн ХК-тай̆ танилцах юм.

Энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх цахим сурвалжилгын нээлтэд хоёр орны хэвлэлийн салбарын 20 гаруй сэтгүүлч оролцов.





Холбоотой мэдээ