Орон нутагт авлигын эсрэг сургалт явуулах 37 албан хаагчид гэрчилгээ олгов

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2021-06-22 17:09:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас орон нутагт авлигын эсрэг сургалт сурталчилгаа явуулах 37 албан хаагчийг сургагч багшаар бэлтгэн, гэрчилгээ олгосон байна.


Тодруулбал, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10.4-т “Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багш бэлтгэх, чадавхжуулах,  мэргэжил арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх, авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг орон нутагт үр дүнтэй зохион байгуулах зорилгоор 21 аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багш бэлтгэх анхан шатны сургалтыг зохион байгуулжээ. 


Аймгуудын сургагч багш нар орон нутагтаа авлигын эсрэг сургалт сурталчилгаа явуулах чиглэлээр 2021 оны төлөвлөгөөгөө батлуулан, тухайн орон нутагт нийтийн албанд шинээр томилогдсон албан хаагчдад авлигын эсрэг анхан шатны сургалт, АТГ-аас зохион байгуулж буй соён гэгээрүүлэх аяны хүрээнд хийгдэж буй аян, контентуудыг түгээх, сурталчлан таниулахаар ажиллаж байна.


АТГ-аас сургагч багшийг чадавхжуулах, мэдээлэл, арга зүйн туслалцаа үзүүлэх уулзалт, сургалтуудыг тогтмол зохион байгуулан, байнгын эргэх холбоотой ажиллаж байгаа бөгөөд жилийн эцэст сургалт, сурталчилгааны ажлын үр дүнг тооцох аж.

Д.Урансолонго

Холбоотой мэдээ