Ш.Мянганбаяр: “Хөгжлөөс хэн ч үлдэх ёсгүй” зарчмыг барьж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлнэ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-06-23 15:16:37

Завхан/МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Тогтвортой хөгжлийн зорилгууд-2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих” төсөл нь Монгол Улсын нийслэл болон аймгуудын хөгжлийн бодлого, алсын хараанд тогтвортой хөгжлийн зорилгуудыг нийцүүлэн ажиллaдаг билээ.

Уг төслийн хүрээнд 2016 оноос нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилгыг Улаанбаатар хотын түвшинд хэрэгжүүлэх зураглал” баримт бичгийн төслийг боловсруулж, хөгжлийн төлөвлөгөөнд нь тусгасан бол 2018 оноос Орхон аймагтай хамтран “Ногоон тогтвортой хөгжлийн 2025 он хүртэлх зорилт”-ыг баталсан юм.

Харин 2020 онд аймгийн Засаг дарга, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар Завхан аймгийн дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогод тогтвортой хөгжлийн зорилгуудыг нутагшуулах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурснаар хамтран ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн зорилтууд нь Завхан аймгийн ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, эдийн засгийн хөгжил зэрэгт тодорхой дэмжлэгүүдийг үзүүлэх юм. Энэ чухал бичиг баримт болох тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлж буй талаар Ш.Мянганбаяртай ярилцлаа.

 

-“Тогтвортой  хөгжлийн зорилтуудыг Завхан аймагт нутагшуулан хэрэгжүүлэх нь” төслийн санаачилга, хамтын ажиллагааны талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Завхан аймаг нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санаачилга дор хэрэгжиж буй “Тогтвортой хөгжлийн зорилтыг орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийг 2020 онд хоёр талын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар эхэлсэн. Энэхүү төсөл манай аймагт хэрэгжсэнээр орон нутаг дахь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа, үйл ажиллагааны олон талт хэрэгжилтийг хангах чиглэлээр илүү түлхүү ажиллаж, аймгийн дунд хугацааны хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлох. Хүрэх үр дүн шалгуур үзүүлэлтүүдийг нарийн тодорхойлж, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төслийн зүгээс томоохон дэмжлэгийг үзүүлж байна.

Уг хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичгийг батлан, нутагшуулан хэрэгжүүлж байгаа. Харин дэмжигч байгууллагаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр ажилладаг.  “Тогтвортой хөгжлийн зорилт-2030 хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төсөл 2020 оны дөрөвдүгээр сараас аймгийн Засаг дарга, НҮБ-ын суурин төлөөлөгч нарын хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар албан ёсоор эхэлсэн юм.

Уг төслөөр орон нутгийн хөгжлийн дунд хугацааны бодлого боловсруулах, төлөвлөлтийн арга зүйг сайжруулах тал дээр олон талт үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулж, хамтын ажиллагаа, түншлэлээ өргөжүүлж байна.


-Саяхан Завхан аймгийн хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналт тайлагнах арга зүй сайжруулах сургалт хэлэлцүүлэг болоод өнгөрсөн. Энэ уулзалтын зорилго юу байв?

-Тийм ээ. Манай аймагт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төсөл 2021 оныг дуустал  хэрэгжинэ. Орон нутгийн дунд хугацааны хөгжлийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах, гүйцэтгэлийг тайлагнах үйл ажиллагааг хариуцдаг хэлтэс, агентлагуудад ашигладаг арга зүйг сайжруулах зорилгоор сургалт хэлэлцүүлгийг хоёр өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, уг үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа болон аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга, мэргэжилтнүүд оролцлоо. Мөн аймгийн ЗДТГ-ын зургаан хэлтэс, түүний харьяа 31 байгууллагын төлөвлөлт, хяналт-үнэлгээ, сургалт хариуцсан мэргэжилтнүүд гээд нийт 70 гаруй хүн оролцож, хоёр өдрийн туршид сургалтад идэвхтэй хамрагдлаа.

Энэ үеэр оролцогчид салбарын төлөвлөлт, хэрэгжилт, тайлагнах арга зүйд тулгарч буй бэрхшээл, ололт амжилт, сайжруулах шаардлагатай зүйлсийн талаар харилцан мэдээлэл солилцож сургалт явуулж буй багш нараас шаардлагатай асуултад хариулт авсан, чухал сургалт болсон.

 

-Энэ сургалтын үеэр ямар ямар сэдвээр мэдээлэл хуваалцсан бэ?

-“Аймгийн хөгжлийн төлөвлөлтийг гардан хэрэгжүүлдэг хэлтэс, агентлагуудын мэргэжилтнүүдэд зориулсан энэ удаагийн сургалт нь хагас жилийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг тайлагнаж буй цаг үетэй давхцаж байгаа нь ихээхэн онцлогтой юм. Цаашид байгууллага хоорондын харилцан уялдааг хангах, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудад бүхий л талын оролцоо чухал гэдгийг аймгийн удирдлагууд онцолсон байгаа.

Мөн Завхан аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Батцэнгэл “Завхан аймгийн дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдаа, хэрэгжилт, уялдаа гэсэн сэдвээр, харин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн 2030 зорилтыг орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн зөвлөх Ч.Оюун-Эрдэнэ төслийн талаарх ерөнхий мэдээлэл, танилцуулгыг хийлээ.

Төрийн байгууллагын мэргэжилтнүүд, олон улсын болон бусад байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэх. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх арга зам, боломжуудыг мөн жишээ, туршлагад үндэслэн оролцогчдод мэдээллээ. Төлөвлөлтийн баримт бичгүүдэд хяналт, үнэлгээ хийх, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох нь,  Бодлогын төлөвлөлт хийх арга зүй, Өөрчлөлтийн удирдлага гэсэн сэдвүүдээр Удирдлагын академийн багш Д.Намхайдагва, “ЖЕМР” компанийн ерөнхий захирал Р.Оюун нар олон талт мэдээлэл, ярилцлагыг өрнүүлж, сургалтыг амжилттай зохион байгууллаа.


-Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд Завхан аймагт хамгийн түрүүн ямар ажлуудыг хийж эхэлсэн бэ?

-Орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн зорилт, хүрэх үр дүнг тогтвортой хөгжлийн зорилтуудтай нягт уялдуулах. Хүрсэн үр дүн, биелэлтийг тайлагнахдаа шалтгаан, үр дагаврыг нарийн судалж, шинжлэх нь чухал гэж үзэж, аймгийн хувьд дунд хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлохдоо илүү шинжлэх ухаанч байдлаар судалгаа шинжилгээ, шинэлэг арга аргачлалыг ашиглахыг зорьсон. Мөн олон улсын байгууллага, төрийн бус байгууллагууд, хувийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн зорилгуудыг шингээхээс эхэлсэн. Сайн туршлага ч бий.


-Манай аймаг тогтвортой хөгжлийн ямар үндсэн чиглэлээр хэдэн зорилт хэрэгжүүлж ажиллах вэ?

“Завхан аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэл 2021-2025”-д тусгагдсан 120 зорилтоос 115 нь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд шууд утгаараа тусгагдсан байна. Төлөвлөлтийн үндсэн зарчмын дагуу аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд арга хэмжээг тусгахдаа дунд хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, логик дараалалтай, дотоод уялдааг хангасан байдлаар томьёолж, тусгах учиртай. Ингэхгүйгээр зорилго, зорилтоо хэмжих боломжгүйд хүрнэ.


-Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал?

-Манай аймаг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэд хэдэн төсөлтэй хамтран ажилладаг бөгөөд тэдгээрийн дотор энэ тогтвортой хөгжлийн зорилтуудыг орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй төсөлтэй хамтран 2020 оны 5 дугаар сараас шинээр мөрдөгдөж эхэлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль, ЗГХЭГ, Үндэсний хөгжлийн газраас ирүүлсэн удирдамж, чиглэлийн дагуу Завхан аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн жилийн төлөвлөгөөг аймаг, сумдаар батлуулахад голлох үүрэгтэй оролцсон.  

Сумдад зохион байгуулсан 1500 гаруй оролцогчтой хэлэлцүүлгээс 2600 гаруй хөгжлийн төлөвлөлтөд тусгах саналыг авч, түүнийг боловсруулахад мэргэшсэн багийн санхүүжилт, арга зүйн дэмжлэг үзүүлэхэд гол үүрэгтэй оролцсон.  

Завхан аймгийн хувьд 2025 он хүртэл энэ удаа боловсруулсан дунд хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримтад тусгасан хөтөлбөр, арга  хэмжээг хэрэгжүүлнэ.

Аймгийн нийгэм эдийн засаг, байгаль орчин ногоон хөгжил, хүний хөгжилд суурилсан хөгжлийг бий болгохоор бүхий л хэлтэс, агентлаг, сумдын алсын хараа, зорилго, чиглэл нэгэн зүгт харан түүнд хүрэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна.


-2021 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны тухай?

-Аймгийн ЗДТГ-ын хэлтсүүд түүний харьяа агентлагууд, сумдын удирдлагуудад зориулсан төлөвлөлтийн арга зүй, хэрэгжилт, биелэлтийг тайлагнах үйл явцыг сайжруулах чиглэлээр аймаг, сумын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай шинжилгээ, боловсруулалтын арга зүйг эзэмшүүлэх юм.

Мөн Завхан аймгийн төсвийн шинжилгээ, боловсролын салбарын төсвийн шинжилгээг боловсруулж төсвийн гүйцэтгэл, үр ашиг, төсвийн оновчтой хуваарилалтын нөхцөл байдлын шинжилгээ хийнэ. Түүнтэйгээ орон нутгийн удирдлага, төсвийн шууд захирагч, мэргэжилтнүүдийг давхар чадавхжуулах сургалт, үйл ажиллагааг явуулахаар төлөвлөөд байна.

Мөн төрийн үйлчилгээг иргэнд бүрд хүртээмжтэй хүргэх “ХӨГЖЛӨӨС ХЭН Ч ҮЛДЭХ ЁСГҮЙ” зарчмыг баримталж аймгийн Засаг даргын тамгын газраас байгуулсан ажлын баг 24 сум, багийн иргэдэд хүрч ажиллана. Ингэхдээ эрүүл мэнд, соёл урлаг, төрийн бүхий л үйлчилгээг хүргэхэд энэхүү төсөл хамтран оролцох юм.

-Танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ