Эзэн хаан Токиогийн Олимп халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байгаад санаа зовж байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-06-24 15:18:22

ТОКИО. /Kyodo/. Японы эзэн хаан Нарүхито удахгүй болох Токиогийн Олимпын наадам тус улсад коронавирусний тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байгаад санаа зовж буйгаа илэрхийлжээ.


Түүний үгийг эзэн хааны ордны хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Нишимура Яшүхико сэтгүүлчдэд уламжилсан байна.


“Олон нийт түгшүүртэй байгаатай холбогдуулан эзэн хаан Олимпын наадам зохион байгуулснаар халдварын тархалт нэмэгдэж болзошгүй гэж санаа зовж байгаагаа илэрхийллээ" гэж Нишимура мэдэгджээ.


Японы эзэн хаан Засгийн газрын бодлогыг шүүмжлэхээс ихэвчлэн зайлсхийдэг байна. Гэсэн хэдий ч коронавирусний цар тахал Японд гол сэдвүүдийн нэг болоод байгаа юм.


Тус улсын сөрөг хүчнийхэн өмнө нь Олимпын наадмыг зохион байгуулахаас татгалзах эсвэл өнгөрсөн жилтэй адил нэг жилээр хойшлуулахыг эрх баригчдад уриалсан юм. Харин Японы эрх баригчид шаардлагатай бол наадмыг үзэгчидгүйгээр зохион байгуулж болно гэж мэдэгдсэн.


Токиогийн Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ.


Холбоотой мэдээ