Халдварын голомтод ажиллаж буй эмч, ажилтнуудад урамшуулал олгоно

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-06-24 19:04:33
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. БОЭТ-ийн Эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасаг амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, зүрхний үйл ажиллагааг дэмжих цахилгаан тоног төхөөрөмжтэй боллоо. Үүнийг орон нутгийн төсвийн 120 сая төгрөгөөр авч байгаа бөгөөд эхнийх нь ийнхүү өнөөдөр иржээ.

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар халдварын тархалт нэмэгдэж буй энэ нөхцөлд эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэх зорилгоор зарим зардлыг хэмнэж 120 сая төгрөг шийдвэрлэсэн нь энэ юм.

Дээрх тоног төхөөрөмжийг аймгийн удирдлагууд БОЭТ-д хүлээлгэн өгч өнөөгийн нөхцөл байдалтай танилцсан юм. Энэ үеэр нэн шаардлагатай тоног, төхөөрөмж нэмж авахад 100 сая, халдвартай бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг урамшуулахад 30 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс өгөхөөр шийдвэрлэлээ. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа гэж аймгийн Засаг дарга С.Батжаргал хэлсэн юм.

 

Холбоотой мэдээ