“Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа ээлжит цахим хурал боллоо

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-06-24 18:38:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 


Түүхэн ойг угтаж “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв хамтран “Хамтдаа 100 жил” найрамдлын буухиаг энэ оны хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж байна.


Найрамдлын буухиа нь Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Новосибирск, Улаанбаатар-Барнаул, Улаанбаатар-Горно Алтайск-Кызыл, Улаанбаатар-Эрхүү, Улаанбаатар-Улаан-Үд, Улаанбаатар-Чита, Улаанбаатар-Элиста гэсэн маршрутаар 8 сарын турш үргэлжлэх бөгөөд өнөөдөр (2021.06.24) Улаанбаатар-Улаан-Үд зургаа дахь шатны хурал цахимаар боллоо.


Цахим уулзалтад Монголын талаас УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Н.Энхболд, Н.Учрал, Д.Өнөрболор, мөн БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисэгч, Монгол-Оросын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн нар оролцов.


Оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга В.В.Кильпякова, Буриад Улсын Ардын Хурлын дарга В.А.Павлов, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн А.Г.Варфоломеев, В.В.Наговицын, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн В.А.Дамдинов, Улаан-Үд хотын дарга Ю.И.Шутенкова болон албаны бусад хүмүүс оролцов. Энэ үеэр хоёр орны улс төр, зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуй, соёл боловсрол болон бусад салбарын хамтын ажиллагаа, цаашдын зорилтын талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ