Цахим сурвалжилгын багийнхан ӨМӨЗО-ы үнээ үржүүлгийн хоршоотой танилцлаа

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2021-06-24 21:44:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч" сэдэвт Монгол, Хятад орны хэвлэл мэдээллийн хамтарсан цахим сурвалжилга үргэлжилж байна.

Хоёр орны цахим сурвалжилгын баг өнөөдөр Баяннуур хотын Хангин Хойд хошууны Сань Дао Чяо суурингийн Жүн Чэн сүүний үнээ тэжээн үржүүлэх тусгай хоршоотой танилцлаа.


Тус хоршоо нь өдөрт 680 үнээг гурван удаа сааж, үнээ бүрээс дунджаар 35 кг сүү буюу өдөрт нийт 29 тонн сүү авдаг байна. Саасан сүүгээ шинэ дээр нь Өвөр Монголын И-Ли компанид хүргэж бүтээгдэхүүн болгодог.


Хоршоо нь Сань Дао Чяо суурингийн Хэ Пин тосгонд байрладаг бөгөөд тосгоны оршин суугчидтай хамтран ажиллаж, иргэдийг хувьцаа эзэмшигчид болгон өөрсдийн гэсэн аж ахуйн нэгжтэй болгожээ.

Аж ахуйн нэгж нь тосгоны иргэдтэй хэрхэн хамтарч ажилладаг тухай Хэ Пин тосгоны Намын байгууллагын нарийн бичгийн дарга, Жүн Чэн сүүний үнээ тэжээн үржүүлэх тусгай хоршооны захирал Бянь Жюньфэн хэлэхдээ, Нэг талаар тосгоны иргэд хөрөнгө мөнгөөр хувь оруулна. Одоогоор Хэ Пин тосгоны 199 иргэн нийт 23 сая юанийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Нөгөө талаар иргэд газар эзэмших эрхээ шилжүүлж, хувьцаанд оролцож болдог” хэмээв. 


Тус суурин ӨМӨЗО-ы бүс нутгийн сүүний үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх бодлогын хүчтэй дэмжлэгтэйгээр сүүний чиглэлийн үхрийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлнэ. Урьдчилсан тооцоогоор тосгоны саалийн үнээний тоо ирэх гурван жилд 10 000-д хүрч, нэг өрхөд дунджаар 25 үнээ ногдож, нэг өрхөд ногдох орлогыг 30000 юаниар өсгөх зорилт тавьжээ.


Тус хамтарсан сурвалжилгад Монгол Улсын талаас МСНЭ, МОНЦАМЭ агентлаг, TV2 телевиз, 107.5 FM радио, shuum.mn сайт, Хятадын талаас Хятадын Олон улсын радио, Синьхуа агентлаг, Өвөр Монголын Монгол Одон Телевиз, Талын дуу хоолой радио, Өвөр Монголын "Өдрийн сонин", "Солонго" мэдээллийн төв, Баяннуурын телевиз, Баяннуурын "Өдрийн сонин" зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцож байгаа юм. 

 


 

Холбоотой мэдээ