У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-06-25 08:39:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх өнөөдөр 11.40 цагт тангараг өргөнө.


Монгол Улсын Ерөнхийлөгчийг анх удаа 6 жилээр сонгох сонгуулийн санал хураалт энэ сарын 9-нд болсон бөгөөд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.8 хувь буюу 823 326 иргэний санал авсан. Харин “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувь буюу 246 968 сонгогчийн санал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6 хувь буюу 72 832 сонгогчийн санал авсан юм.


Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш 30 хоногийн дотор УИХ-д тангараг өргөх ёстой бөгөөд тангараг өргөх товыг УИХ тогтоодог. Энэ дагуу УИХ сонгуулийн дүнгээр олонхын санал авсан У.Хүрэлсүхийг өнөөдөр 11.40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргүүлэхээр товлосон юм.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журамд зааснаар шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий /нөхөр/-ийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны "Их Монгол" танхимд морилно. Үүний дараа Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж, чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээн “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдэхээр заасан байна. Тангараг өргөсөн Ерөнхийлөгч Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж индрээс үг хэлэх юм.


Ерөнхийлөгч, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн УИХ-д тангараг өргөдөг байна.


У.Хүрэлсүхийн намтар:

Төгссөн сургууль, боловсрол:

1985 онд нийслэлийн хоёрдугаар сургууль

1989 онд Батлан хамгаалахын их сургууль

1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын арга зүйч

2000 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч

Улс төр судлаач мэргэжилтэй


Ажилласан байдал:

1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч

1991-1994 онд МАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан

1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх

1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал

1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч

1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх

2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч

2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн

2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд

2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд

2007 оноос Монголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч

2008-2012 онд Монгол Ардын Нам, Ерөнхий нарийн бичгийн дарга

2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

2017-2021 оны нэгдүгээр сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайд

2017 оноос Монгол Ардын Намын дарга

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч

Холбоотой мэдээ