Нийгмийн даатгалын сангийн орлого 16 хувиар нэмэгджээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-06-25 10:21:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НДЕГ-ын мэдээллээр, нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 5 сард 1252.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 172.9 (16 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Үүнд, тэтгэврийн даатгалын сангийн орлого 172.2 (22.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Мөн өнгөрсөн 5 дугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 254 тэрбум, зарлага 281.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас орлого 24.6 (10.7 хувь) тэрбум, зарлага 13.2 (4.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.


Нийгмийн даатгалын сангийн зарлага 2021 оны эхний 5 сард 1301.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 156.9 (13.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 65.8(7.5 хувь) тэрбум, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 92.1 (3.7 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Ажилгүйдлийн даатгалын сангаас дээрх хугацаанд 10246 хүнд 22.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад тэтгэмж авагчид 870 (9.3 хувь) хүнээр, олгосон тэтгэмжийн хэмжээ 1115.3 (5.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. Нийгмийн даатгалын сангаас мөн хугацаанд 455 мянган хүн тэтгэвэр авсны 76 хувь нь өндөр насны тэтгэвэр авагч, 15.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр авагч, 8.7 хувь нь бусад (тэжээгчээ алдсан,  цэргийн тэтгэвэр) тэтгэвэр авагч байв.

 

Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний 5 сард 2.3 (давхардсан тоогоор) сая хүнд 828 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагч 90.2(4.2 хувь) мянгаар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 352.7 (74.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмж 288 мянга, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянга, хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай хүүхдэд 16 мянга, насанд хүрэгчдэд 32 мянган төгрөгийг олгохоор шийдсэн юм. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагч, тэдгээрт олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж” авсан 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 60.9 (5.3 хувь) мянгаар, олгосон тэтгэмжийн хэмжээ 330.4 тэрбум (2.2 дахин) төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Нийгмийн халамжийн тэтгэвэрт дээрх хугацаанд 57.1 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 2.3 (4.2 хувь) мянган хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 22.2 (40.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 67.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 25.8 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6.5 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн аж. Нийгмийн халамжийн тэтгэмжид мөн хугацаанд 104.4 мянган хүн хамрагдсаны 54.9 хувь нь асаргааны тэтгэмжид, 45.1 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан байна.


Нийгмийн халамжийн тэтгэмжид энэ оны эхний 5 сард 41.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 5.7 (15.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Түүнчлэн, 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 602.9 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ хугацаанд олгосныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Холбоотой мэдээ