Беларусь улсаас нийлүүлэх ХАА-н эхний ээлжийн техникийг энэ сард хүлээн авна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-06-25 11:10:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын Монголын хэсгийн дарга, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Владимирович Чепурнойг хүлээн авч уулзлаа.


Энэ үеэр Элчин сайд С.В.Чепурной Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын экспортын зээлийн хэмжээг нэмэх Беларусийн талын саналыг дахин судалж үзэхийг санал болгоод, эхний шатны 50 сая еврогийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүд амжилттай үргэлжилж байгааг онцлов.


Засгийн газар хоорондын экспортын зээлийн санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй “Трактор, хөдөө аж ахуйн техник нийлүүлэх” төслийн хүрээнд Монгол Улсад 552 ширхэг техник, тоног төхөөрөмж нийлүүлж байна. Тодруулбал, 5 төрлийн 132 ширхэг трактор, малын тэжээл бэлтгэлд зориулсан дөрвөлжин, рулон хаман боогч, хадуур, тармуур, төмс, хүнсний ногооны ухагч, ургамал хамгааллын бодис, бууц цацагч зэрэг 17 нэр төрлийн техник, тоног төхөөрөмжийг үе шаттай оруулж ирнэ. Эхний ээлжийн техникийг энэ сардаа багтаан хүлээн авах аж.


Сайд З.Мэндсайхан техник, тоног төхөөрөмжийн ачилтыг Беларусийн талаас хуваарийн дагуу, шуурхай хийхэд анхаарал хандуулахыг С.В.Чепурной Элчин сайдаас хүсээд, улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарт техник, тоног төхөөрөмжийг цаг хугацаанд нь хүлээн авч, тариаланчдад хүргэх нь нэн чухал болохыг тэмдэглэжээ.


Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ оны 8 дугаар сарын сүүлээр Минкс хотноо зохион байгуулах боломжийг харилцан судлахаар тохиролцлоо.


Элчин сайд С.В.Чепурной Монгол Улсад 7 жил ажиллаад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн, эх орондоо буцаж байгаатай холбогдуулан түүний Монгол, Беларусийн найрсаг харилцааг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан, хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирснийг үнэлэн, Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” тэмдгээр шагнаж, ажил, хөдөлмөрт нь амжилт хүсжээ.

Холбоотой мэдээ