ДЭМБ: "Дельта" хувилбар анхны коронавирусээс хоёр дахин илүү халдвартай

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-06-25 11:38:04

ЖЕНЕВ. /RIA Novosti/. "Дельта" хувилбар анхны “SARS-CoV-2” коронавирусээс хоёр дахин илүү халдвартай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ эрдэм шинжилгээний ахлах ажилтан Сумья Сваминатан твиттерээр асуултад хариулахдаа мэдэгджээ.


"Дельта" хувилбар Энэтхэгт анх илэрсэн бөгөөд одоо 85 гаруй оронд тархаад байгааг тэрбээр хэлсэн байна. “Бусад хувилбаруудаасаа илүү хурдан тархаж байгааг харгалзвал энэ омог дэлхийн улс орнуудад зонхилох хувилбар болж магадгүй” гэж Сваминатан хэлжээ. Түүний хэлснээр, "Дельта" нь "анхны вирусээсээ хоёр дахин амархан дамждаг тул уг хувилбараар халдварласан хүн хоёр биш, дөрөв, зургаа, бүр найман хүнд халдвар тараах боломжтой гэнэ. Энэ шалтгаанаар гэр бүлээрээ коронавирусний халдвар авах тохиолдол түгээмэл болж байна гэж тэрбээр тайлбарлав.


"Сайн мэдээ гэвэл дэлхий даяар хэрэглэж байгаа ихэнх вакцин өвчин хүндрэхээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байна" гэж ДЭМБ-ын төлөөлөгч хэллээ.


Вакцин хийлгэсэн хэдий ч коронавирусний уг омогтой тэмцэхийн тулд хүмүүс амны хаалт зүүж, бээлий өмсөх, хүн хоорондын зайгаа барих хэрэгтэй гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Холбоотой мэдээ