Завханы 9 сум цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тэг зогсолт хийжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-06-25 14:27:03

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн 24 цагт 80 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

-Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 470 иргэний PCR шинжилгээг хийгээд байна. Үүнээс 80 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа. Ингэснээр Завхан аймагт нийт батлагдсан тохиолдол 956 боллоо. Өнөөдөр шинээр бүртгэгдсэн тохиолдлоос Тосонцэнгэл суманд 20, Дөрвөлжинд 17, Улиастайд 9, Баянтэс суманд 8, гээд Тэлмэн, Ургамал, Отгон, Баянхайрхан суманд коронавирусний тохиолдол батлагдсанаар нийт 17 суманд халдвар бүртгэгдээд байна. Өнөөдөр эмнэлэгт эмчлүүлж байсан гурван хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт эдгэрсэн хүний тоо 516 боллоо.

 

213 хүүхэд коронавирусний халдвар авчээ

Завхан аймагт коронавирусний халдвар авсан хүний 22.2 хувь нь буюу 213 нь хүүхэд байна.

Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдүүдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Онцын шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар хүүхдүүдийг явуулахгүй байх, дархлааг нь дэмжихийг зөвлөж байна.  Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 351 хүн эмчлүүлж байгаа бол өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр эмчилгээ хийлгэж байгаа иргэд байна. Тухайлбал Улиастайд 14, Тосонцэнгэлд зургаан хүнийг гэрээр нь эмчилж байна. Коронавирусний халдвараар өвчилж эмчлүүлж буй иргэдээс хөнгөн 332, хүндэвтэр 35, хүнд таван иргэн байна.


Гэрийн тусгаарлалтад 4800 гаруй хүн байна

Завхан аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 4816, тусгаарлан ажиглах байранд 77 иргэн байна.

Зургаадугаар сарын 10-ны өдрөөс хойш батлагдсан 456 тохиолдлыг насны бүлгээр ангилж үзвэл 17 хүртэлх насны хүүхэд болон 25-аас дээш насны нийгмийн идэвхтэй бүлгийн иргэд илүү их халдвар авчээ. Харин дархлаажуулалтад өссөн дүнгээр нийт иргэдийн 81,5 хувь нь эхний тунд, бүрэн тунд 76,1 хувь нь хамрагдаад байна. Харин 16,17 насны хүүхдийн дархлаажуулалтад аймгийн хэмжээнд нийт 135 хүүхэд хамрагджээ.

Аймгийн хэмжээнд 25-ны өдрийн байдлаар Баянхайрхан, Сантмаргаз, Сонгино, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Тэлмэн, Дөрвөлжин, Баянтэс, Ургамал сум цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тэг зогсолт хийсэн. Харин Алдархаан сум хатуу хөл хорио тогтоогоод буй гэж аймгийн Шуурхай штабаас тус тус мэдээлэв.

 

Холбоотой мэдээ