Шураг багийн малчид төл малаа 100 хувь бойжуулжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-25 15:44:16

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум 390 гаруй малчин өрхтэй. Үүнээс тус сумын Шураг багт 134 малчин өрх байна. Шураг баг 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 53 мянган толгой мал тоолуулж, энэ хавар төл малаа 100 хувь бойжуулжээ.   

Шураг багаас 2019 онд Монгол Улсын Хошой аварга малчнаар Ц.Насанжаргал тодорч байсан.

Тэгвэл энэ жил малчин Н.Баянцагаан, гэргий Д.Энхбаяр нар Шураг багийнхаа 23 дахь аварга малчин боллоо. Өөрөөр хэлбэл, Эрдэнэбүрэн сумын Шураг багийн малчин Н.Баянцагааны гэр бүл Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарч, саяхан Ховд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, сум орон нутгийн удирдлагуудаас шагналаа гардан авав. 

Малчин Н.Баянцагаан нь бага наснаасаа эцэг, эхтэйгээ хамтран мал маллаж байна. Тэрбээр 2003 онд гэргий Д.Энхбаяртай өрх тусгаарлахдаа 40 толгой малтай байжээ. Үүнээс хойш 18 жил тасралтгүй мал маллаж, одоо 1700 гаруй тоо толгой малтай болсон байна.

Аймгийн аварга малчин Н.Баянцагаан, гэргий Д.Энхбаяр нар малынхаа үүлдэр угсааг сайжруулахын тулд Увс аймгийн Өлгий сумын улаан ухна, мах, сүүний чиглэлийн бух, хурдан угшлын азарга, алтайн хуц зэргийг авч, мал сүрэгтээ нийлүүлжээ.

Мөн тэрбээр сумынхаа дөрвөн айлыг 20 гаруй малаар малжуулсан байна. Улмаар залуу үеийн малчдад мал маллах арга туршлагаасаа хуваалцаж, хамтран ажиллаж байна. 



Холбоотой мэдээ