Хүнсний 4-ийн уулзварыг 7 дугаар сарын 6-нд засаж дуусна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-06-25 16:16:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдөр 3 газар автозамын хөдөлгөөнийг хаан дэд бүтцийн засварын ажил хийж байна. Тодруулбал, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хойд талын уулзварын замын хөдөлгөөнийг 6 дугаар сарын 16-наас хэсэгчлэн хааж ус дамжуулах хоолой, шугамын барилга угсралтын ажлыг хийж байна. 


Улаанбаатар хотын Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх цэвэр ус дамжуулах 4010 метр гол шугамын болон 1684.23 метр “9Б” бохир ус дамжуулах хоолой, шугамын барилга угсралтын ажлыг хийж байгааг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээлж байна. Энэ хүрээнд 100 айлын зам буюу "Өлзий" төвийн уулзвараас баруун тийшээ "Авто плаза"-гийн уулзвар хүртэлх 340 метр урт авто замыг сэтэлжээ. Тус хэсгийн замын хөдөлгөөнийг 7 дугаар сарын 6-ны 6.00 цагт хүртэл хэсэгчлэн хааж байна. Зуслангийн чиглэлийн замын хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой дээрх хэсэгт түгжрэл үүсээд байгаа юм. Тиймээс иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар авто замын ачааллыг тооцон, хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас сануулж байна. 



Түүнчлэн нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол дахь Дилав Хутагт Жамсранжавын гудамжнаас  “Хурд” авто угаалгын урд талд баталсан зураг төслийн дагуу авто замыг сэтэлж, дулааны шугамын барилга угсралтын ажлыг хийж байна. 6 дугаар сарын 24-нд эхлүүлсэн уг ажлыг 7 дугаар сарын 7-ны 06.00 цаг хүртэл үргэлжүүлэх юм. "Хасу мегаватт" ХХК уг ажлыг гүйцэтгэж буй бөгөөд автозамын хөдөлгөөнийг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын инженерүүд Баянгол дүүргийн ТЦА-тай хамтран зохицуулж байна. 




Түүнчлэн нийслэлийн Баянгол дүүргийн зам засварын ажлын хүрээнд 6 багц зам засварын ажлыг 28.2 тэрбум төгрөгөөр хийж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үүнд:

  • Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хороо, Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.066 км авто замын шинэчлэлийн ажил
  • Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11 дүгээр байрны өмнөх 0.071 км, 12 дугаар байрны өмнөх 0.105 км,
  • Мөн 14, 15 дугаар байрны өмнөх 0.154 км, 28 дугаар байрны өмнөх 0.065 км авто замын засвар шинэчлэлийн ажил
  • Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 23 дугаар байрны орчим 0.106 км автозамын засвар шинчэлэлийн ажил
  • 15 дугаар хороо 30 дугаар байрны орц гарцын 0.111 км авто зам,
  • 15 дугаар хороо, 29 дүгээр байрнаас 30 дугаар байрны орц талын 0.178 км авто зам, 15 дугаар хороо 28 дугаар байрны орц талын 0.093 км авто замын засвар шинэчлэлтийн ажлыг тус тус эхлүүлээд байна. 
  • Иймд иргэд жолооч нарыг цагаа зөв төлөвлөн анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхааруулан санууллаа. 

Мөн автозам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журмын дагуу нийслэлийн Баянзүрх дүүргийн 6, 18 дугаар хороо, 22а, 22б, байрны дундах авто замын шинэчлэлийн ажлыг энэ сарын 26-ны 22.00 цагаас ирэх сарын 4-ний өглөө 06.00 цаг хүртэлх хугацаанд хийхээр төлөвлөөд байна. 



Д.Урансолонго


Холбоотой мэдээ