Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-06-25 17:27:25

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр цахимаар зохин байгууллаа.

Хурлын эхэнд аймгийн Засаг даргын 2020 оны А/254 дүгээр захирамжаар батлагдсан “Агентлаг, сумын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийх журам”-ын дагуу агентлагуудын 2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны явцын үнэлгээний талаар аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн танилцуулж, цахим хуралд агентлаг, байгууллагын дарга нар оролцлоо. Мөн үйл ажиллагааны явцын үнэлгээний талаар санал солилцож, аймгийн Засаг дарга Д.Золжаргал агентлаг, байгууллагын дарга нарт дараах 6 үүрэг даалгаврыг өглөө. Үүнд: 


1.Сүүлийн үед коронавирусний халдвар ихээр нэмэгдэж байгаа асуудалд онцгой анхаарч, цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийг дархлаажуулалтад хамрагдахын ач холбогдлыг төрийн бүх шатны байгууллагууд сурталчлан таниулах, зохион байгуулалтын ажлуудаа эрчимжүүлж ажиллах.

2."Ковид-19" цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд дархлаажуулалтын 2 дахь тунгаа хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх, бүх шатны төрийн байгууллага,  аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтыг тогтмол хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

3.Аймгийн хэмжээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг бүхий  ажлын хэсгүүдийг бүх шатанд байгуулан ажиллуулж, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангуулах.

4.Эхний хагас жилийн байдлаар авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, түгээмэл тархацтай байгалийн баялаг ашигласны төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураамж, газрын төлбөр, үл хөдлөх эд хөрөнгийн татвар зэрэг тасарч буй татварын орлогыг нэр төрлөөр нь биелүүлж ажиллах.

5.Засгийн газрын шийдвэрээр аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн тул 2021 оны 7-р сарын 10-наас 16-ны өдрүүдэд энэ шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж ажиллуулах, баярын амралтын өдрүүдээр бүх шатны байгууллагууд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, жижүүрийн  үүргийг чанартай гүйцэтгэж, шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, амралт зугаалга ихсэхтэй холбогдуулан гол усны аюулаас урьдчилан сэргийлж, аюул осолгүй, хог хаягдалгүй амрах талаар сурталчилгаа хийж, зохион байгуулж ажиллах.

6. Агентлаг, байгууллагын дарга нар 2021 оны ээлжийн амралтаа эдлэхдээ аймгийн Засаг даргатай албан ёсоор зөвшилцөж, түр орлох хүнийг албажуулж танилцуулах зэрэг чиглэлийг өгсөн байна.

Холбоотой мэдээ