Мэргэжлийн боловсрол сургалтын цахим хакатон эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-06-25 17:31:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв хамтран “Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дата сэтгүүл зүйн цахим хакатон зохион байгуулж байна. Энд сэтгүүлчмд, контент бүтээгч, дата аналист, тухайн салбарыг сонирхон судлагч, боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн 26 баг эхний шатанд оролцож байна.

Нээлтэд ХНХ-ийн сайд А.Ариунзаяа оролцож, "Манай улсад ЕБС төгсөж байгаа 10 хүүхдийн 2-3 нь л МСҮТ буюу мэргэжлийн боловсрол, сургалтыг сонгож байна. Гэтэл бусад улсад, жишээ нь Германд 10 хүүхдийн 7-8 нь мэргэжлээ эзэмшдэг. Тус улс ажилчин ангиа илүү хөгжүүлсэн тул чинээлэг дундаж давхарга нь өргөжсөн. Манай улсад дийлэнх нь эдийн засагч, хуульч зэрэг мэргэжлээр их, дээд сургууль төгсдөг. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр барилга, уул уурхай, үйлчилгээний салбарын чадвартай мэргэжилтний эрэлт хэрэгцээ их байна. Тиймээс Монголд чинээлэг дундаж давхаргаа өргөжүүлье гэвэл мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих шаардлагатай” гэсэн юм. 

Тийм ч учраас Засгийн газар энэ чиглэлд анхаарч, өнөөдөр эцэслэн батлахаар зэхэж байгаа Хөдөлмөрийн тухай хуульд МСҮТ-ийг дэмжих тодорхой бодлогоо тусгасныг дурдлаа. Тухайлбал, МСҮТ-ийн суралцагч үйлдвэрлэлийн дадлага хийхэд тухайн байгууллага хөдөлмөрийн хөлснийн доод хэмжээнээс багагүйгээр цалинжуулах ба байгууллагаас гарах НДШ-ийг төрөөс даах зохицуулалтыг тусгажээ. 



А.Ариунзаяа: Чинээлэг дундаж давхаргыг өргөжүүлье гэж байгаа бол МСҮТ, политехникийн коллежийг хөгжүүлэх шаардлагатай.






ХБНГУ-ын ЭСЯ-ны байнгын төлөөлөгч Регина Рутенберг хэлэхдээ, Германы Засгийн газар Австрали болон БНСУ-ын Засгийн газартай хамтран GIZ-ийн түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төслөөр дамжуулан Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын тогтвортой хөгжлийг дэмжсээр ирснийг тодотгосон юм. Тэрээр, “Чадварлаг ажиллах хүч бол эдийн засгийн тулгуур бөгөөд коронавируст цар тахлын үед эдийн засгийг сэргээх үндэс суурь нь болж өгч байна. ХБНГУ-д, Засгийн газар болон бизнесийн салбар аль аль нь “Өндөр ур чадвартай ажиллах хүч бол инновац ба өрсөлдөх чадварын, өсөлт ба хөдөлмөр эрхлэлтийн, хөгжил цэцэглэлт ба амьдралын чанарын үндэс суурь нь юм” гэдгийг онцолж байгаа. Эдийн засгийн өсөлт нь ажиллах хүчний ур чадвартай шууд уялдаж байгаа нь бодит дата болон тоон мэдээнээс харагдаж буй. Иймд, өндөр ур чадвартай ажиллах хүч бол зөвхөн эдийн засгийн үндсэн хүчин зүйл болоод зогсохгүй цаашид бэрхшээлийн даван туулахад шууд нөлөөтэй" гэдгийг тэмдэглэж байв. 




Тэрээр, "Бид өгөгдлийн эрэнд ажиллаж амьдарч байна. Өгөгдлийн сантай ажиллах нь бидэнд олон зүйлийн хариулт өгч асуудлыг шийдэхэд тусалдаг юм. Хөдөлмөрийн зах зээлийн дата судалгаанд үндэслэн хийсэн ажил болон мэдээлэл мэргэжлийн боловсролын сургалтад ач холбогдол, хэрэгцээг таниулах үндэс болох боломжтой. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн боловсрол, сургалттай холбоотой өгөгдөл, мэдээлэлд тулгуурласан контентууд бий болно гэдэгт итгэлтэй байна. Хийсэн зүйлдээ тулгуурлан хэрхэн Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй чадварлаг ажиллах хүчийг тогтвортой нийлүүлэх дараа дараагийн алхмыг боловсруулах явдал” гэсэн юм.

“Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дата сэтгүүл зүйн цахим хакатон 6 дугаар сарын 27-н үргэлжилнэ.








Холбоотой мэдээ