Халдварын нийт тохиолдлын 21.6 хувь нь Улиастайд байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-06-26 15:55:32

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн 24 цагт 80 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдаж, нийт тохиолдол 1036 боллоо.

Шинээр батлагдсан тохиолдлуудыг сум тус бүрээр нь харахад, Улиастайд 18, Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн "Баян-Айраг" ХХК-ийн кемпэд 24, Алдархаанд 14, Цагаанчулуутад 17, Их-Уул, Сонгино, Нөмрөг суманд тус тус халдварын тохиолдол батлагдлаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 25 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд эмнэлэгт 435 иргэн, өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр Улиастайд 23, Тосонцэнгэлд зургаан хүнийг тус тус эмчилж байна. Эмнэлэгт болон гэрээр эмчилж байгаа нийт 464 хүний 394 нь биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 64, хүнд зургаан хүн байна.

 

Нийт голомтын 60 хувь нь зөөвөрлөгджээ

Завхан аймагт коронавирусний халдварын идэвхтэй 52 голомт байна.

Аймгийн төв Улиастай суманд 32 голомт байгаагаас эх үүсвэр нь тодорхойгүй 13 голомт үүсээд буй. Нийт голомтын 60 хувь нь зөөвөрлөгдсөн байна.

Халдварын нийт тохиолдлын 21.6 хувь нь Улиастайд, 78.4 хувь нь хөдөөгийн сумдад байна. Аймгийн хэмжээнд коронавирусний халдвараар өвчилсөн хүний 20.5 хувь нь буюу 213 нь хүүхэд байна. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна. Мөн олон нийтийн газраар явахдаа халдвар хамгааллын дэглэмээ зөрчихгүй байх. Улмаар гэр бүлдээ эрсдэл үүсгээд буй хувийн хариуцлагаа өндөржүүлэх хэрэгтэй байгааг аймгийн ЭМГ-аас сануулж байна.

Учир нь халдвар аваад буй хүүхдүүдийн ихэнх нь гэр бүлээсээ халдвар авч буй. Аймгийн хэмжээнд халдварын эсрэг дархлаажуулалтын эхний тунд өчигдөр 802 иргэн хамрагдаж өссөн дүнгээр 41043 иргэн эхний тундаа хамрагдаад байна. Харин бүрэн тунд өссөн дүнгээр 37641 иргэн хамрагдаж 76,2 хувьтай байна.

16-17 насны нийт 850 хүүхдийг дархлаажуулалтад хамрууллаа. Энэ сарын 25-ны өдрөөс аймгийн 9 сум тэг зогсолт хийсэн. Харин өнөөдөр Цэцэн-Уул сум өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байна. Гэсэн хэдий ч тус сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байна. Харин өнөөдөр Алдархаан сум хатуу хөл хорио тогтоогоод байна гэж аймгийн Шуурхай штабын Эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ