Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжилнө

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunbold@montsame.mn
2021-06-27 14:39:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн өргөмжлөх ёслолыг энэ сарын 28-нд 20 дахь жилдээ зохион байгуулна.


Цар тахлын эрсдэлээс сэргийлэх үүднээс ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх ёслолыг Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз маргааш 11.20 цагаас шууд дамжуулах юм.


ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг.


Өнгөрсөн онд Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 5.3 хувиар агшсан. Уул уурхай, олборлох салбар, үйлчилгээ, тээвэр, мэдээлэл холбоо, бөөний болон жижиглэн худалдааны салбар буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь ДНБ-ий хэмжээ буурахад нөлөөлсөн.


Гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар буурсан бол Татварын ерөнхий газрын мэдээллээр, 27 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон. 132 мянган аж ахуйн нэгж татварын тайлан ирүүлсэн ч үүний 98 мянган буюу 74.2 хувь нь Х тайлан ирүүлсэн байна. Бизнес эрхлэгчдийн хувьд 2020 он түүхэн сорилттой, тодорхой бус байдал давамгайлсан амаргүй, хүнд жил болж өнгөрсөн билээ. Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар коронавирусний тархалтаас улбаатай энэ удаагийн эдийн засгийн хямрал нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хохирол ихтэйд тооцогдож байгаа юм.

Холбоотой мэдээ