Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 43.6 хувиар нэмэгдэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-06-28 11:11:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (43.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.


Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.8 (50.1 хувь) их наяд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 511.1 (41.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 60.6 (10.8 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 7.9 (14.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.


Нийт үйлдвэрлэл өнгөрсөн 5 дугаар сард 1.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 40.1 (2.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 84.5 (25.9 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөллөө.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны 5 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр нэг их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 185.2 (22.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд газрын тос олборлолт 69.2 (6.3 дахин) тэрбум, металлын хүдэр олборлолт 152.9 (24.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлөв.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2021 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр алт, зэсийн баяжмал, металл агуулгаараа, хайлуур жонш, хүрэн нүүрс, төмрийн хүдэр, чулуун нүүрс, газрын тосны олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 6.1 хувиас 3.2 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс 99 хувь, шохой, гурил, самнасан ноолуур, шингэн сүү, нүүрметал бэлдэц, согтууруулах ундаа, цемент, нүүрсэн шахмал түлш, малын мах, баяжуулсан нүүрс, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 хувиас 4.2 дахин нэмэгджээ.


Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа, жүүс, спирт, амны хаалт, гар ариутгагч, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.7-76.3 хувиар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2021 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.1 (70.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 3.5 (2.0 дахин) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 3.5 (2.0 дахин) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 2.2 (1.9 дахин) их наяд, нүүрс олборлолтын салбарын борлуулалт 1.1 (2.5 дахин) их наяд, газрын тос олборлолтын салбарын борлуулалт 279.4 (5.4 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв.


Нийт борлуулсан бүтээгдэхүүний 6.5 их наяд төгрөг буюу 65.5 хувийг гадаад зах зээлд борлуулжээ. Гадаад зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний 5.9 их наяд төгрөг буюу 90.7 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна.


Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 64.7 хувийг металлын хүдэр олборлолтын, 27.3 хувийг нүүрс олборлолтын, 6.2 хувийг газрын тос олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 1.8 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарын бүтээгдэхүүн эзэлжээ

Холбоотой мэдээ