Б.Жавхлан: Иргэдийн орлогыг хадгалж, эдийн засгийг дэмжихэд 618,9 тэрбумыг зарцуулна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-06-29 17:25:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн яамнаас энэ оны төсөвт тодотгол хийж буй талаар өнөөдөр цахимаар мэдээллээ. Сангийн сайд Б.Жавхлан мөнгөний нийлүүлэлт 30.5 хувьтай байгаа нь эдийн засгийн өсөлт сэргэж байгааг харуулж байна гэдгийг онцоллоо. Гэхдээ өсөлт хангалттай биш байна. Инфляц одоогийн байдлаар 6.2 хувьтай байна. Төсвийн гүйцэтгэл сайн гарсан. Төсвийн орлого 97.2, зарлага 84.5 хувьтай гарсан нь чамлахааргүй үзүүлэлт юм гэдгийг тодотголоо. 





Эмч, мэргэжилтнүүдэд олгох урамшуулалд 45.6 тэрбум төгрөгийг

төсвийн тодотголд оруулжээ



Тэрээр, "Эдийн засгийн өсөлт 6.5 хувь байх нь гэсэн төсөөлөл гарсныг дурдаад, "Оюу толгой" ХХК-иас 1 их наядын орлого орж ирсэн. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад 321.2 тэрбум төгрөгийг  зарцуулна. Үүнийг задалж үзвэл:

  • Эмч, мэргэжилтнүүдэд олгох урамшуулалд 45.6 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулжээ. 
  • Иргэдэд ковидын талаар мэдээ, мэдээлэл түгээхэд 6.6 тэрбум төгрөг
  • Резидент эмч нарыг дайчлан ажиллуулахад 3.7 тэрбум төгрөг
  • Бэлэн байдлыг нэмэгдүүлэх буюу тоног төхөөрөмжид 110 тэрбум төгрөг
  • Шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэлд 61.9 тэрбум төгрөг
  • Вакцины үр нөлөө, халдвар тархалт, дархлааны идэвхийн судалгаанд 2.4 тэрбум төгрөг
  • Вакцины үйлдвэрийн болон эрүүл мэндийн бусад ТЭЗҮ 8.0 тэрбум төгрөг
  • Эрүүл мэндийн цахимжуулалт 3.0 тэрбум төгрөг
  • Засгийн газрын нөөцийг нэмэгдүүлэхэд 60 тэрбум төгрөг
  • Засаг даргын нөөц 20 тэрбум төгрөгийг хуваарилжээ.


Цахилгаан, дулаан, усны төлбөрийг он дуустал хөнгөлнө


Сангийн сайд Б.Жавхлан цааш нь мэдээлэхдээ, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2021 оны төсвийн гүйцэтгэлд тодотгол хийх, Сангийн яамнаас боловсруулсан төслүүдээ Засгийн газарт өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсныг тэмдэглэв. 

Тэрээр, "Энэ оны эхний улиралд өнгөрсөн онтой харьцуулахад эдийн засагт 3.4 хувийн өсөлт ажиглагдаж байна. Валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар, мөнгөний нийлүүлэлт 30.4 хувьтай байна. Төсвийн гүйцэтгэл 5 дугаар сарын байдлаар бидний тооцоолсноор сайн үзүүлэлттэй гарлаа. Экспорт гацсан үед төсвийн орлого 97.2 хувьтай гүйцэтгэлтэй гарсан. Мөн түүхий эдийн үнэ өсөлттэй байсан нь чамлахааргүй үзүүлэлт юм. Иргэдийн орлогыг хадгалж, эдийн засгийг дэмжихэд 618,9 тэрбумыг зарцуулна" гэв. 




Бид 2021 онд эдийн засаг 7.2 хувийн өсөлттэй байна гэж төсөөлсөн ч 6.5 хувьд хүрнэ гэж тооцож байна. Үүнд, цар тахлын нөхцөл байдлаас гадна экспортын зогсолт нөлөөлсөн. Нүүрсний биет хэмжээгээр 367 тэрбумын орлого алдана гэж тооцсон. Гэсэн ч түүхий эдийн үнийн өсөлтөөр 90 гаруй хувьтай нөхнө гэж үзэж байна. НДШ-ийн орлогыг бууруулснаар 94 тэрбумын алдагдал хүлээх нь.

Бид 2021 оны төсвийн тодотголыг 3 шалтгаанаар өргөн барьж байна. Нэгдүгээрт, дээр дурдсанаар иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн бэлэн байдлын салбарыг хамгаалах чиглэлд 321.2 тэрбум төсөвлөв. Эрүүл мэндийн салбарын ажилчдын урамшуулалд 454.6 тэрбум, резидент эмч нарыг дайчлан ажиллуулахад 3.7 тэрбум төсөвлөсөн. Мөн иргэдийн орлогыг хамгаалж, эдийн засгийг дэмжих чиглэлд 576 тэрбум төсөвлөлөө" гэв.

Он дуустал 1.2 сая хүүхдэд 100 мянган төгрөг олгохоор болсныг мэдэгдээд, “Эрдэнэт” ТӨҮГ, “Тавантолгой" компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд олгож байсан цахилгаан дулаан, ус, хогны төлбөрийн хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэхээр төсвийн тодотголд тусгасан. Энэ жилийн төсвийн тодотголыг коронавируст халдварын нөхцөл байдалд зориулахаар концепц хийсэн"- ээ мэдэгдэв. Мэдээлэлд Монголбанк, Сангийн яамны холбогдох газар, хэлстийн удирдлага оролцлоо.



Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ