Ногоон бүс байсан Шилүүстэй суманд халдвар бүртгэгдлээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-07-06 18:42:39

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн 24 сумаас 22-т нь коронавирусний халдвар гарлаа.

-Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 304 сорьцод PCR шинжилгээ хийснээс 31 иргэн халдвар авсан нь батлагдаж, нийт тохиолдол 1366 боллоо.

Өчигдөр эмнэлгээс 23 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Ингэснээр нийт 920 хүн эдгэрээд байна. Өнөөдөр шинээр бүртгэгдсэн 31 тохиолдлыг сум тус бүрээр нь ангилбал, Улиастай суманд 16, Дөрвөлжинд гурав, Алдархаан, Баянтэс, Завханмандал, Идэр, Сантмаргаз, Тэлмэн суманд халдвар нэмж бүртгэгдлээ. Мөн ногоон бүс байсан Шилүүстэй суманд коронавирусний хоёр тохиолдол батлагдаад байна.

Аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 4899, тусгаарлан ажиглах байранд 28, нийт 4927 иргэн тусгаарлалтад байна. Завхан аймгийн 22 суманд идэвхтэй 60 голомт үүссэн. Үүнээс Улиастай суманд 28 голомт байгаагаас эх үүсвэр тодорхойгүй 12 голомт байна гэж аймгийн Шуурхай штабын Эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ