Монгол Улсын соёлын элчээр МУСТ, Хөөмийбит жанрыг санаачлагч Б.Нарандэлгэрийг томилов

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-07-08 13:13:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлч, СТА Бямбаагийн Нарандэлгэрт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өнөөдөр гардуулав.


Соёлын элчээр шинээр томилогдсон Б.Нарандэлгэр Монголын үндэсний биет бус өв хөөмий, цуур, хэл хуурыг олон улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд монгол уламжлалт хөөмийг битбокстой хослуулсан Хөөмийбит этник шинэ төрөл жанрыг санаачлан хөгжүүлж байгаа юм. Мөн түүний үндэсний бүжиг, язгуур хөгжмийг битбокстой хослуулан туурвисан уран бүтээл нь Улаанбаатар чуулгын урын санд бүртгэгдэж, дотооддоо болон олон улсад толилуулагдаж байна.


Тэрбээр Нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн 18 мянга гаруй ахлах сурагчдад “Үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаагаас гадна Дэлхийн дээд амжилт болох Гиннесийн номонд нийт мянга гаруй хөөмийчийн хамт нэгэн зэрэг хөөмийлсөн амжилтаараа бүртгэгдсэн Монголын соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан уран бүтээлч юм.

Б.Нарандэлгэр нь Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа Монгол Улсыг, монголын соёл, урлагийг дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах, хоёр орны иргэдийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр ажиллах юм.

Холбоотой мэдээ