“ХХ зууны Монгол ба гурван хувьсгал” тусгай үзэсгэлэнг нээлээ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-07-08 16:43:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Архивын Ерөнхий газар, Монголын Үндэсний музей хамтран “ХХ зууны Монгол ба гурван хувьсгал” тусгай үзэсгэлэнг өнөөдрөөс олон нийтэд толилуулж байна.

 

Үзэсгэлэнд 1911 оны Үндэсний эрх чөлөө, 1921 оны Үндэсний ардчилсан, 1990 оны Ардчилсан хувьсгалуудын үнэ цэн, залгамж холбоог илэрхийлэх 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлс, 60 гаруй архивын баримт материал, баримтат кино, гэрэл зургийг судалгааны ач холбогдол зэргийг харгалзан дэлгэн үзүүлж байна.


Үүнд, Богд хааны мутрын тэмдэг, Монголын хувьсгалчид ЗОУ-аас тусламж хүссэн бичгийн анхны эх ноорог, Монгол Ардын намын тамга, 1913 оны “Улсын эрх” олон улсын төр эрхийн орчуулгын бүтээл, 1924, 1940, 1960, 1992 оны үндсэн хуулиуд, улсын сүлд, далбаа зэрэг залгамж холбоог илэрхийлсэн олон сонирхолтой үзмэр, архивын баримт, баримтат кино, гэрэл зураг багтжээ.

 

Үзэсгэлэнгийн нээлтэд Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар, Үндэсний төв архивын дарга Т.Сайнжаргал, Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Д.Золбоо болон бусад зочид оролцов.

Тус үзэсгэлэн 8 дугаар сарын 1-нийг хүртэл нээлттэй, үнэ төлбөргүй ажиллана



Холбоотой мэдээ