Мөнххайрханы соёлын дурсгал хоёр төрөлтэй

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-07-09 16:35:26

Ховд /МОНЦАМЭ/. Мөнххайрханы соёл нь хүрлийн эхэн үеийн оршуулгын өвөрмөц дурсгал юм.

Мөнххайрханы соёлыг Монгол-Оросын хамтарсан “Төв Азийн археологи” төслийн шинжилгээний анги анх Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг, Мөнххайрхан уулын хормойд орших “Улаан говийн үзүүр” гэх газар 2003 онд илрүүлэн олж, малтан шинжилсэн байна.

Мөнххайрханы соёлын дурсгал өнөөгийн байдлаар Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган аймгийн нутгийг хамарч тархаж байсан нь тодорхой болжээ. 

Мөнххайрханы соёлд хамаарах дурсгалын байршил зүйн онцлог нь гол дагасан хөндийн дэнж дэвсэг газар, уул, толгодын нар ээсэн энгэр газруудад байрлана.

Энэхүү соёлын дурсгал нь оршуулга, тахилгын байгууламж гэсэн хоёр үндсэн төрөлтэй. Эдгээр нь нэг дор зэрэгцэн оршихоос гадна тус тусдаа байх явдал ч бий.

Булш нь тэг дугуй, тэгш дөрвөлжин гэсэн хоёр үндсэн хэлбэртэй. Булшны дараас чулууг зөвхөн нэг үе хавтгайлан өрж тавьдаг учраас бусад булш, хиргисүүрийн адил овойж харагддаггүй. Харин дараас чулууд тэгш тэвхгэр харагддаг байна.

Дугуй хэлбэрийн булшны хэмжээ 3-40 м хүртэл голчтой байна. Тэгш дөрвөлжин хэлбэртэй нь дунджаар 3х3, 6х6, 8х4 м зэрэг олон янз байх аж.

Үүнээс гадна тахилын байгууламжууд нь том, жижиг харилцан адилгүй хэмжээтэй тохиолдоно. Булшны дараас чулуудын төв хэсэгт зууван дугуй хэлбэртэй оршуулгын нүхтэй болох нь тодорхой мэдэгддэг. Булшны том, жижиг байхаас үл хамааран оршуулгын нүхний хэлбэр, нүхийг дүүргэсэн чулууны байдал, хэмжээ өөрчлөгдөхгүй.

Оршуулгын нүхний хэмжээ нь дунджаар 0.7-1.2 м, 0.8 м гүн байдаг. Нүх нь баруун урдаас зүүн хойшоо чиглэлтэй байна. Нүхэнд хүний толгойг нь зүүн хойш хандуулан атийлган хурааж тавьсан байдаг.

Оршуулгын дурсгалаас модон бариултай, нэг талдаа иртэй, үзүүр нь үл ялиг ээтэн махир богино хүрэл хутга, дөрвөлжлөн давтаж үзүүрлэсэн модон иштэй хүрэл зүү, ясаар хийсэн халбага, цагаан чулуун сувс, хүзүүний зүүлт зэрэг эд өлгийн зүйлс олддог аж.

Оршуулгад дагалдуулсан ясан халбага, хүрэл хутга, хүрэл зүү зэрэг эдлэлийг хүний хөлийн өвдөг, нуруу, бүсэлхий хавьд тавьдаг нь нийтлэг ёс заншил бололтой гэж судлаачид тайлбарлажээ.

Мөн тахилгын байгууламж нь гурван хэлбэр байгаа нь мэдэгдэж буй. Нэгдүгээр хэлбэр нь тэгш дөрвөлжин хэлбэртэй чулуун өрлөг бүхий эргэн тойрон чулуун хөшөөтэй.

Хоёрдугаар хэлбэр нь дугуй хэлбэртэй, эргэн тойрон чулуун хөшөөтэй. Гуравдугаар хэлбэр нь чулуун хөшөө босгон тавьсан байгууламж байна. Эдгээр тахилгын байгууламжид мал, амьтны ясны үлдэгдэл, эд өлгийн зүйл байхгүй, магадгүй дүрсийн бэлгэдлээр тахилын зан үйлийг илэрхийлж байсан бололтой. Шинжилгээгээр Мөнххайрханы соёл нь НТӨ 1780-1630 онд холбогдохоор гарсан байна гэж “Монголын түүхийн тайлбар толь”, бусад эх сурвалжид тэмдэглэжээ. 

Ташрамд, Ховд аймгийн нутгаар аялахад үзэх боломжтой байгалийн үзэсгэлэнт газрууд олон бий. Мөнххайрхан уул, түүний орчмын газар нутаг нь Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэн оршдог.

Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 метр өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болно. Мөнх цас, мөсөн гол нь 200-гаад ам километр талбайг эзлэн оршино.

Монгол Алтайн нурууны мөсөн голуудын дундаж зузаан нь 56 метр байдаг бол Мөнххайрхан уулын мөсний зузаан нь 130 гаруй метр хүрч тус орны гол мөрний нийлбэр урсацаас бараг 2 дахин, газар доорх хөдөлгөөнт усны нөөцөөс 5 дахин их цэвэр усны нөөц хадгалагдаж байгааг судлаачид тогтоосон байна. Булган, Сэнхэр, Үенч, Бодонч зэрэг томоохон голууд Мөнххайрхан нуруунаас эх аван урсдаг.  

Мөнххайрхан уулын орчимд Алтайн урианхайчууд оршин суудаг. Мөнхайрхан уулын орчимд түүх соёл угсаатны байгалийн аялал, эрдэм шинжилгээ судалгааны аялал, уулын спортын, усан спортын, ердийн хөсгийн болон явган аялал, спорт ан агнуурын аялал зохион байгуулахад тохиромжтой юм.  

Холбоотой мэдээ