Авлига, албан тушаалын гэмт хэргийн 57.9 хувь нь нийслэлд бүртгэгджээ

Монголын мэдээ | Хууль
uransolongo49@gmail.com
2021-07-10 15:48:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Прокурорын байгууллагаас энэ оны эхний хагас жилийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлыг өмнөх оны мөн үетэй харьцуулсан дүн мэдээ гарчээ.


Энэ оны эхний хагас жилд прокурорын байгууллагаас нийт 31468 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьснаас 15053 буюу 47.8 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 9331 буюу 29.6 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 3534 буюу 11.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж  шалгасан байна.




Хэрэг бүртгэлтийн 34966 хэрэгт хяналт тавьснаас 5515 буюу 15.7 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 7875 буюу 22.5 хувийг хааж шийдвэрлэсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 39.3 хувиар буурсан байна.


Мөрдөн байцаалтын 10968 хэрэгт хяналт тавьж, 6862 буюу 62.5 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 193 буюу 1.7 хувийг хэрэгсэхгүй болгож, 47 буюу 0.4 хувийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.




Энэ оны эхний хагас жилийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан авлига, албан тушаалын хэргийн 57.9 хувь нь нийслэлд, 42 хувь нь орон нутагт бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулбал 7.3 хувиар буурчээ.


“Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн талаарх 38 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 хувиар өссөн байгаа бөгөөд “Эрүү шүүлт тулгах” 23 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.




Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 174 хэрэгт хяналт тавьж, 80 хэрэгт буюу 66.6 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн энэ төрлийн хэрэг өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар буурчээ.


Хүүхэд хохирсон хэргийн 20.6 хувь нь “Хүчиндэх”, 16.7 хувь нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 4.4 хувь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлэгт заасан “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг”-ийн улмаас хохирчээ. 




Хүн худалдаалах 21 хэрэгт хяналт тавьж, 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн шийдвэрлсэн нь энэ төрлийн хэргийн 95.2 хувь нь нийслэлд, 4.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн. Хэрэгт холбогдогчдын 77.7 хувь нь 18-30 насных байгаа бол 61.1 хувь нь эмэгтэй хүмүүс байна.


“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” 300 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 17 хувиар буурсан байна. Үүнээс 74.6 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн улмаас 132 хүний амь нас хохирсон байна.



Холбоотой мэдээ