АПЕК вакцины тэгш хүртээмжийн талаар тохиролцоонд хүрчээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-07-17 11:00:22

ТОКИО. /NHK/. Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ гишүүн орнуудын удирдагчид коронавирусний вакциныг тэгш хуваарилах чиглэлд илүү их хүчин чармайлт гаргана гэдгээ мэдэгдлээ.


Цар тахал, дэлхийн эдийн засгийн талаар хэлэлцэхээр баасан гарагт зохион байгуулсан цахим дээд хэмжээний уулзалтын үеэр талууд ийнхүү тохиролцжээ. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүтэй төлөөлөгчид энэхүү уулзалтад оролцов.


"АПЕК-ийн удирдагчид аюулгүй, үр дүнтэй, боломжийн үнэтэй вакцинуудыг тэгш хуваарилах ажлыг түргэвчлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ" хэмээн уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд дурдсан байна.


С.Ёшихидэгийн хувьд дэлхий дахин цар тахлаас үүдэлтэй нөлөөнөөс сэргэж байгаа энэ цаг үед олон талт байдлыг хөхиүлэн дэмжихийн ач холбогдлыг дахин нотлохыг уриалжээ. Түүнчлэн тэрбээр чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлоохыг дэмжихээ амласан байна.


Мөн Токиогийн Олимпыг аюулгүй зохион байгуулж, ирэх долоо хоногоос эхлэх энэхүү наадмаар дамжуулан спортын ач холбогдлыг хүүхдүүдэд таниулах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Японы Засгийн газрын төлөөлөгчдийн мэдээлснээр, олон орон түүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.


Уулзалтын үеэр Ши Жиньпин БНХАУ хөгжиж буй орнуудыг 500 сая гаруй тун вакцинаар хангаад буйг онцлон тэмдэглээд, цар тахалд нэрвэгдсэн эдийн засгуудыг сэргээхэд тусламж үзүүлэхийн тулд ирэх гурван жилийн хугацаанд гурван тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ амлажээ.


Мөн Цагаан ордноос уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд АНУ 100 гаруй улс оронд хагас тэрбум гаруй тун вакцин хандивлаж буйг дурдсан байна. 

Холбоотой мэдээ