Ховд аймагт халдварын улмаас таван хүн нас баржээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-07-17 13:47:29

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 35-аар нэмэгдэж, нийт 1891 боллоо. 

Аймгийн төвийн тусгаарлах эмнэлэгт долоодугаар сарын 17-ны өдрийн байдлаар 205 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс 24 нь 0-18 насны хүүхэд, таван жирэмсэн эх байна. Одоогоор гурван иргэний биeийн байдал маш хүнд, 13 иргэнийх хүнд, 53 иргэн хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

Харин “Мөнх цохилохуй” эмнэлэгт нэг, сумдын Эрүүл мэндийн төв болон тусгаарлах эмнэлэгт нийт 47 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Мөн аймгийн төв болон хөдөөгийн сумдад нийт 327 иргэн гэрээр эмчлүүлж байна.


Сүүлийн 24 цагийн хугацаанд эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 137 иргэн гарснаар Ховд аймагт коронавирусний халдвар авсан нийт 1352 иргэн эдгэрлээ гэж албаныхан мэдээллээ.

Түүнчлэн Жаргалант сумын харьяат, 61 настай эмэгтэй, иргэн Б коронавирусний халдвар, архаг, хууч өвчний хавсарсан оношоор долоодугаар сарын 16-ны өдрийн 22:35 цаг орчимд нас баржээ. Сүүлийн үeд Ховд аймагт коронавирусний халдвар авсны улмаас нас баралт нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, нас баралт нийт тав бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 3641 иргэн болон гэрийн тусгаарлалтад, ажиглалтад байсан бүх иргэдийн хяналтын хугацаа дууссан байна.  


Холбоотой мэдээ