“ОПЕК+” нефтийн олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцлоо

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-07-19 09:25:00

ВЕНА. /BBC/. Нефть олборлогч орнуудын байгууллагын /ОПЕКгишүүн болон гишүүн бус орнууд /ОПЕК+/ нефтийн үнийг бууруулж, дэлхийн эдийн засагт учрах дарамтыг багасгах үүднээс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ.


Цар тахлын үед нефтийн үнэ ихээхэн нэмэгдээд байгаатай холбогдуулан “ОПЕК+” ийнхүү ирэх наймдугаар сараас эхлэн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр болжээ. Энэхүү шийдвэр нь мөн огцом нэмэгдээд буй шатахууны үнэд ч нөлөөлнө гэж үзэж байна.  


Brent” маркийн нефтийн үнэ энэ онд 43 хувиар нэмэгдэж, нэг торх нь 74 орчим ам.долларт хүрээд байгаа юм. Өнгөрсөн онд “ОПЕК” болон түүний түншүүд нефтийн эрэлт болон үнэ буурсантай холбогдуулан өдөрт олборлох нефтийн хэмжээг урьд байгаагүйгээр буюу 10 сая торхоор бууруулсан билээ.


Харин энэ оноос улс орнуудын эдийн засаг сэргэснээр нефтийн үнэ эргэн өссөн нь зарим оронд инфляцийн түвшин нэмэгдэх, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлөх хандлага ажиглагдаж эхэлжээ. Эдгээрийг харгалзан үзсэний дүнд "ОПЕК+" ирэх сараас өдөрт олборлох нефтийн хэмжээг сар тутам 400 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцжээ. 

Холбоотой мэдээ