Б.Бат-Эрдэнэ: Зөрчлөө давтсан шатахууны компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-22 12:42:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ-аас шатахууны компаниудад хийсэн хяналт, шалгалтын дүн мэдээг өнөөдөр танилцууллаа. 


Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, иргэдээс ирсэн гомдлын дагуу тус хяналт шалгалтыг ШӨХТГ, МХЕГ, НМХГ, ГЕГ, АМГТГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын баг гүйцэтгэжээ. Нийт 28 аж ахуйн нэгжийн 19 агуулах, 17 ШТС, 10 вагоноос түүвэрлэн автобензин, дизель түлшний 76 дээж авчээ. Дээжүүдийг АМТГ-ын лаборатори болон Иргэний нисэхийн лабораторид шинжлүүлсэн талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэв. 


Тэрбээр, шинжилгээ хийсэн дүгнэлтэд, бензины 32 дээжээс 13 нь октаны хэмжээ стандартаас бага, эсхүл их тодорхойлогдсон байгааг тэмдэглээд, үүнд зөрчил гаргасан 10 ААН-ийг дурдлаа. Мөн долоон дээжид механик хольц тодорхойлогдсон, үүнд зургаан аж ахуйн нэгж зөрчил гаргасныг дуулгав. Түүнчлэн есөн аж ахуйн нэгжийн АИ-92 автобензиний октан хэмжээ бага байв. Дизель түлшний цитаны тоо, хувийн жин бага байсан зөрчил олон илэрчээ. Нийт шинжилгээнд явуулсан дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй байна. Тиймээс зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд нийт 234 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.


Өнөөдрийн байдлаар, манай улсад хуурамч шатахуун байгаа эсэх нь тогтоогдоогүй. Шатахууны чанар шалгадаг 18 үзүүлэлт байдгаас манай улс 14-ийг нь хэрэглэж байгаа аж. 


Аж ахуйн нэгжүүд хамгийн багадаа хоёр зөрчилтэй байгаа бөгөөд 2018-2021 оны шалгалтад зөрчил нь давтагдсан компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газарт албан ёсоор хүргүүлнэ хэмээн ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэв.

Холбоотой мэдээ