Хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулав

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-07-22 18:27:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Эрүүл мэндийн газрын дарга Н.Энхжаргал нар аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч нартай "Хариуцсан багийн хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах талаар 10 зүйл бүхий хариуцлагын гуравласан гэрээ"-г  байгууллаа.

Гэрээнд эрүүл мэндийн стандартын хэрэгжилт чанарыг сайжруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай шуурхай хүргэж, ээлтэй орчныг бүрдүүлэн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхийг тусгасан байна.

Засаг дарга Д.Мөнхсайхан хэлэхдээ, “Материаллаг байдлын дэмжлэгийг төр бололцоотой бүхий л байдлаар үзүүлж ажиллана. Гагцхүү та бүхэн өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх, өвчтөн нэг бүрт хүрч ажиллах, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж ажиллах нь хамгийн чухал” гэдгийг онцлов.

Мөн үеэр 2022 онд “Отон Номгон” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг жишиг байдлаар шинэчлэх ажлыг ирэх оны үндсэн чиглэлд тусгуулахаар ИТХ-аар хэлэлцүүлэх бол “Энх бүрд” өрхийн эрүүл мэндийн төвийн цахилгаан халаалтыг өөрчилж, гүний дулаанд холбуулах талаар саналыг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайд танилцуулахаар тогтлоо. Гэрээний хэрэгжилтэд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс хяналт тавин ажиллах бөгөөд оны эцэст өрхийн эрүүл мэндийн төвүүд тайлан мэдээллээ Засаг даргын зөвлөлд танилцуулах аж.

Холбоотой мэдээ