Бөмбөгөр сумын ИТХ-ын хуралдаанд аймгийн Засаг дарга оролцов

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-07-23 20:15:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын ИТХ ээлжит хуралдаанаараа 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, энэ оны төсвийн хагас жилийн тайлан, сумын Онцгой комиссын тайлан мэдээлэл, төсвийн тодотгол зэрэг цаг үеийн асуудлуудыг авч хэлэлцлээ.

Тус хуралдаанд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболд, МХГ-ын дарга Н.Бямбадорж нар оролцож талуудын байр суурийг сонсож, холбогдох чиглэлээр мэдээлэл өгөв.

Хуралдааны хэлэлцэх асуудалд тус сум орон нутагт байсаар 20 гаруй жил болсон бичил уурхай эрхлэгчдийн асуудал багтсан.

Орон нутгийн удирдлагуудын зүгээс бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж,  эвдэрсэн газарт нөхөн сэргээлтээр оруулж ажиллуулж байгаа аж. Ингэхдээ тухайн нөхөрлөлүүдээс гэрээний хүрээнд тодорхой санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгон сум орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулах, зарим тулгамдсан шаардлагатай асуудлыг шийдвэрлэх зэргээр ажиллаж байгаа аж. Гэрээ байгуулсан зарим нөхөрлөлүүд эрүүл газар руу орох, хууль бус үйл ажиллагаа явуулах зэрэг зөрчлүүдийг гаргаж буй талаар хуралдаанаар хэлэлцэж байгаа аж.  

Засаг дарга Д.Мөнхсайхан, "Баянхонгор аймаг уул уурхайн тал дээр бодлогоо ил тод нээлттэй зарчмаар явуулахыг зорьж байна. Өмнөх жилүүдэд уул уурхайгаас 1 тэрбум орчим төгрөгийн орлого орон нутагт ордог байсныг халж, энэ онд 7 гаруй  тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээр ажиллаж байна. Гол нь хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж, орж ирсэн орлогоос тодорхой хэсгийг ковидын эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, ажилгүй иргэдээ ажил орлоготой болгох, аймаг орон нутгийн өнгө төрхөө арай нэг өөр болгохоор төлөвлөн ажиллаж байна. Ажил ч ахицтай явж байна. Гэхдээ бид цаашдаа  ухдаг баялагт бус ургадаг - өсдөг баялаг, урсдаг баялагт бодлогоо чиглүүлэхээр, үүнээсээ ашиг орлого олохоор төлөвлөж байгаа. Магадгүй бичил уурхай эрхлэлтийг бүрмөсөн зогсоож ч болзошгүй. Бөмбөгөр сумын тухайд бичил уурхайгаар амь амьдралаа залгуулдаг олон зуун өрх энэ суманд бий. Болохгүй гэж үзээд хаагаад, бүх техникийг нь лацдаад аваад явах шиг  хялбар ажил  байхгүй. Гэвч цаана нь олон хүний аж амьдрал явж байгаа учраас нөхцөл байдлыг харзнаж, бас тооцож байна. Хэт нь бичил уурхай эрхэлдэг энэ олон иргэнээ өөр ажил хөдөлмөр эрхлүүлэх талаар судалгаа гаргалгааг сум орон нутаг одооноос тооцож ажиллах нь зүйтэй" гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Тэрээр үргэлжлүүлэн, "Аймгийн зүгээс аль нэг сумын бичил уурхайн асуудалд нөлөөлж оролцоогүй. Цаашид ч оролцохгүй.  Ямар нэгэн татаас татвар аваагүй. Цаашид ч авахгүй. Сум бие дааж шийдвэр гарган бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдийг  ажиллах,  эсэх тухай асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Бөмбөгөр сумын хурлын төлөөлөгч та бүхэн нэгэнт ард иргэдийг төлөөлөөд сонгогдсон учраас хардаад суух биш, оролц, шалга, нягтал, баримт ярь. мэтгэлц. Орон нутгийн удирдлагууд мэдээллээ, санхүүжилтээ ил тод нээлттэй тавь. Мэдээлэл дутмагаас болж үл ойлголцол, улс төржилт, олон хүндрэл үүснэ. Иймээс энэ үүссэн нөхцөл байдлыг аль болох зөв шийдвэрлэхийн тулд ард иргэд, сумын хурлын төлөөлөгч, төрийн байгууллага нь дундаасаа хамтарсан ажлын хэсэг байгуулаад бичил уурхайчдын үйл ажиллагаан дээр очиж хяналт шалгалт хийж, нөхцөл байдлыг бодитоор тодруул. Үнэхээр эрүүл газар луу орсон нөхөрлөл, хууль бус үйл ажиллагаа явуулсан газрууд байгаа бол шууд зогсооё. Бүгдийг нь очиж нягталж, шалгаад нэгдсэн санал дүгнэлтээ олонхоороо эцэслээд ирэх 7 хоногт танилцуул” гэж сумын удирдлага, хурлын төлөөлөгчдөд үүрэг болгов.

Дээрх ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн аймгийн зүгээс тус сумд бичил уурхай эрхлэгчдийн тухайд нэгдсэн шийдвэр гаргаж хэрэгжилтийг хангуулах болсноор Бөмбөгөр сумын ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаан завсарлалаа.

Холбоотой мэдээ